2012-10-10
Лекц -6 Их Юан улс байгуулагдсан нь, Хубилайн байлдан дагуулал, түүнийг залгамжлагч хаадын бодлого, үйл ажиллагаа, Юан гүрэн мөхсөн нь

Лекц 6

Сэдэв: Их Юан улс байгуулагдсан нь, Хубилайн байлдан дагуулал, түүнийг залгамжлагч хаадын бодлого, үйл ажиллагаа, Юан гүрэн мөхсөн нь

Юан гvрэн байгуулагдсан нь

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юан гvрнийг vндэслэн байгуулснаар монголын эзэнт гvрэн задарч эхлээд тус тусдаа биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагджээ. Монголын эзэнт гvрэн ийнхvv улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцадсан байна. Ингэж Чингисийн vvсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
Мөнх хаан Өмнөд хятадын Сvн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин vлдэх vvрэгтэй байжээ.

Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах хууль ёсны илvv эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонхи хан хөвгvvд, угсааны ноёд, нөлөө бvхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгvvн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс vзвэл Тулуйн отгон хvv Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хvн байжээ.

Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпин (хожмын Шанду) хотод 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн "Их хуралдай" зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын "Их хаан" хэмээн өргөмжилсөн байна. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ. Хаан ширээний төлөө тэмцэл чухамхvv ингэж эхлээд удсангvй цус урсгасан зэвсэгт тэмцэл  болон хувирчээ.            

1261 оны өвөл Монголын говь нутгийн заагт ах дvv хоёрын цэрэг дахин хvч сөрөн хэдэн өдөр vргэлжилсэн ширvvн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Аригбөх цаашид тэмцлээ vргэлжлvvлэх бололцоогvй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дvv хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөө тэмцэл зогсоогvй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон vргэлжлvvлжээ. Аригбөхийг бууж өгсний дараа Хубилай тvvнийг дуудан уулзаж "Ах дvv бид хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ?" гэж ихэмсэг байдлаар асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ" гэж хариулсан байдаг.

Хубилай дvv Аригбөхийг ялж, Монголын хаан ширээг тийнхvv эзлэн авчээ.Тэрээр эзлэгдээгvй vлдсэн Хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар хятадаар төвлөж, нийт монгол гvрнийг бататган бэхжvvлэх хэрэгт гол анхаарлаа хандуулсан байна. Тэрбээр Хятад оронд төвлөн сууж Хятад орныг баримтлан захирахын тулд Хятадын хаадын уламжлалт заншлыг даган оны цолыг авч хэрэглэжээ. Хубилай хаан 1271 оны 1 дvгээр сараас "Их Монгол Улс"-ын нэрийг "Их Юан Улс" болгон өөрчлөв.

1260-1271 он хvртэл 11 жилийн дотор Хубилай хятад орныг бvрмөсөн байлдан эзэлжээ. Хубилай хаан Монголын улс төрийн төвийг Хятадад шилжvvлсэн явдал нь  нийт монголчуудын хvчтэй эсэргvvцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргvvцэл тэмцлийг Аригбөхийн бодлогыг тууштай баримтласан нөлөө бvхий Хашийн хvv Хайду (1235-1301) ноён толгойлжээ. Хайду бол Өгөдэйн vр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хvн байсан. Тэрээр Монголын эзэнт гvрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран баримтлах ёстой гэж vздэг байжээ.

Хайду нэг удаа бусад монгол ноёдод элч зарж бичсэн захидалдаа дурьдсан нь: "Чингис хаан болон бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмээн гэрээсэлсэн биш бил vv. Гэтэл одоо эрхэм ах дvv ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгvй, хөсөрдvvлэн зөрчиж, тэрсэлсэн этгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зvй ёсны хvн биш бил vv. Хубилай хятад оронд урваж, монгол улсын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдvvлэн зөрчжээ. Гэтэл та бvхэн тийм хvнийг тvшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсэлсэн хэрэг бус уу? Сайтар тунгаан бодож шийдвэрлэтvгэй" гэжээ. Мөн Хубилайд захиа илгээж дурьдсан нь: "Манай төр улсын ёс заншил бол хятадаас тэс өөр билээ. Гэтэл хятад газар бvгэн хоргодож, хот суурин байгуулж, ёс заншилд нь автахын учир юу билээ?" гэжээ.

Юан гvрэн байгуулагдсан нь монголын тvvхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн vйлс болсонгvй. Тухайлбал, Чингисийн байгуулсан Их Монгол улсын бие даасан засаг төр vндсэндээ мөхөв. Монгол орон их гvрний зах хязгаар нутаг болон орхигдоход хvрчээ. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов.

Монголд гар урлалын зvйл эрт дээр vеэс хөгжиж монголчууд малынхаа арьс шир, ноос, vсийг чадамгай сурмаг боловсруулан эдэлсээр ирсэн байжээ. Төмөр хайлуулж зэр зэвсэг хийх явдал нэлээд эрт цагт эхэлжээ. Ялангуяа, Зvрчидийн Алтан улсаас Монголд төмрөөр хийсэн элдвийн зэр зэвсэг нийлvvлэхийг хориглосноос хойш монголчууд биеэ дааж төмөр хайлж, зэр зэвсэг хийх нь бvр ч их болсон билээ.

Чингис хаан монголчуудын хийсэн зэр зэвсгээр цэргээ зэвсэглэж, бvх монгол аймгийг нэгтгэсэн билээ. Гэтэл Юан гvрэн байгуулагдснаас хойшхи байдал эрс ондоо болох тийш хандаж, монгол газар байсан олон тооны гар vйлдвэрийн газар тархан сарниж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр vед монголын нийгэм төвлөрсөн нэгдмэл байдлаас салан сарних тийшээ хандаж, монголын хаадаас монгол орондоо явуулж байсан бодлого хоёрдмол шинжтэй болжээ.

Хубилай хаан 1294 онд нас баржээ. Тэрбээр хаан ширээг ахмад хөвvvн Чингимээр сууриа залгуулахаар шийдэж, хаан хөвгvvн болгосон ажээ. Гэтэл Чингим эцгийн эсэн мэндэд бие барсан тул отгон хvv Төмөрийг /Өлзийт хаан/ нэр зааж vлдээжээ. Ингээд Хубилайн орыг Өлзийт хаан (1295-1307) залгажээ.
Өлзийт хааны vед Монгол гvрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангvй. Цагаадайн улс, Хvлэгvгийн улс, Алтан ордон болон Юан гvрэн цөм хэрэг дээрээ дор дороо биеэ даасан улсууд болсон байжээ.

Төмөр хаан /Өлзийт/ нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг тvр барьжээ. Өлзийт хааны ширээ залгамжлуулахаар монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хvv Хайсан биеэ Хvлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хvртэл хаан суужээ. Хvлэг хааны дараа Буянт, Гэгээн, Есөнтөмөр, Хvслэн, Төгстөмөр, Ринчинбал, Тогоонтөмөр нарын зэрэг нэр бvхий хаад  ширээнд суужээ. Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хvртэлх Юан гvрний бvх хаан төрийн бодлого vндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. Тэр нь хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхолоо бэхжvvлж, эрх мэдлийнхээ хvрээг аль болохоор өргөтгөх гэсэн явдал байжээ.

 

Юан гvрний vеийн Монгол орон

Монголын улс төрийн төвийг шилжvvлсний дараа уугуул монгол орныг “Давааны арын муж", "Хархорум муж" хэмээн нэрлэх болжээ. Юан улсын хаад Хархорумын улс төрийн ач холбогдлыг бууруулахгvйн тулд хан хөвгvvддээ жонон цол өгч Хархорумд суулгаж төр барих дадлага хийлгэдэг байв. Гэвч аажимдаа Хархорум зах хязгаар нутаг болох замд оржээ.
Хархорумд тасралтгvй ирдэг байсан зочин гийчин, элч худалдаачид Юан улсын нийслэлийг зорих болсноор хөл хөдөлгөөн эрс багасчээ. Хархорум хотыг өргөтгөх, ордон хэрмийг засан сэлбэж, шинэ барилга барих, тариалан, гар урлал зохих хэмжээгээр хөгжvvлэх арга хэмжээ авч байсан ч Хархорум улс төрийн төвийн ач холбогдлоо алдсаар дэлхийн олон улс орныг холбосон Эзэнт гvрний нийслэл байхаа больжээ.
Хархорумд тодорхой тооны байнгын бэлтгэлтэй цэргийн анги байрлуулан Хятадад гарсан бослогыг даруулдаг байв. Монголын Эзэнт гvрний төрийн бvх эрх Хубилай хааны мэдэлд төвлөрч байв. Монголын Юан улс нь Алтан Орд, Ил хаад, Цагаадайн улсыг нийтэд нь захирч байжээ.

         Юан улсын төрийн дээд байгууллага нь Жvн шv шэн хэмээх дотоод бичгийн яам байжээ. Дотоод бичгийн яам харьяандаа 6 яамтай. /түшмэлийн, сангийн, ёслолын, цэргийн, шүүх, үйлдвэрийн яам/ Угсаа залгамжлах хан хvv эрхэлсэн сайдын албыг гол төлөв хашиж байв. Тvvний удирдлагад баруун, зvvн этгээдийг тэргvvлэх сайд (чинсан) нар захирагдана. Тэд харъяа 6 яамыг шууд захирч, засаг захиргааны бvх хэргийг хөтлөн явуулна. Удирдах тушаалд монгол хvнийг, туслах албанд Дундад Азийн өнгөт нvдтэн хvмvvсийг томилдог байжээ. Хуулийн энэ заалтыг эхний vед ёсчлон биелvvлж байснаа хожмын хаад дагаж мөрдөөгvйгээс төрийн чухал албанд хятад хvмvvс олноор орж төр самуурахад хvргэсэн билээ.

         Нууц бичгийн яам-Шумиюан  Цэрэг дайны ба гадаад харилцааны зэрэг нарийн хэргийг захирдаг. Мөн гадаад харилцааны зэрэг бусад нарийн хэргийг захирч байв. Хааны бие ба ордны шадар цэрэг, дарангуй цэрэг суулгах, гадагш дайтах, байлдах болон бусад улс оронтой харилцах, найрамдах зэрэг чухал хэргийг удирдан явуулж байв.

         Түшмэлийн хэргийн яам-Юйшитай Ноёд түшмэдийн ажиллагаанд хяналт тавьж, дэвшүүлэх, бууруулах ажил эрхэлдэг.

Юан улсын хаад харьяат болж эзлэгдсэн ард түмнийг олон зэрэг дэвд хуваан тэдэнтэй харилцах болсон. Тухайлбал,

         а. Монгол хүн.

         б.Өнгөт нүдтэн/ баруун хязгаарын уйгар, түрэг, араб.перс зэрэг/

         в.Умард Хятадын хүн ам /Кидан, Зүрчид, Алтан улсын   харьяат нар/

         г. Өмнөд Хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын харьяанд байсан хятадууд болон бага ястан

Монголын хаад баруун зүгийн худалдаачин нар,
э
рдэмтэн, бичгийн хүн, шашин номлогчдыг Хятадад
хүрэлцэн ирэхийг ихээхэн урамшуулж байжээ.
Тухайлбал, Италийн худалдаачин Марко Поло 1275 оны
Үеэс эхлэн Хубилай хааны зарлиг ёсоор бүх Хятадын
нутгаар явж, Монгол, Түвд, далайн арлын орнуудад очиж, хааны захиас даалгаврыг биелүүлж, Монголын төрд 17 жил зүтгэж байв. католик шашин номлоги 400 лам ирүүлэхийг захиж байжээ. Энэ нь Европын католик шашны лам, зурхайчдын мэдлэгийг ашиглах, цаг тооны бичиг зохиох, одон орны оргил байгуулж, од мичдийн хөдлөл, тэнгэрийн байдал, мэрэг төлгийн талаар хаадад санамж зөвлөгөө өгч байхад чиглэгдэгдэж байв.  

Төв, орон нутгийн захиргааны байгууллагуудыг бэхжүүлэхдээ Монголын хаад үндсэндээ Хятадын уламжлалт засаг захиргааны хуваарийг ашиглахын зэрэгцээ түүнийг боловсронгуй болгоход анхаарч байв. Худалдаа арилжааг хөгжүүлэн хөхүүлэн дэмжихэд Хубилай, түүний дараагийн хаад ихээхэн анхаарч байсан бөгөөд цаасан мөнгө үйлдвэрлэж худалдаанд ашиглаж байсан. Хубилай хааны үеэс жүнтүнгийн мөнгөн тэмдэгт хэмээх аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрийг гаргаж гүйлгээнд оруулж байв. Нөгөө талаар асар өндөр хүүтэйгээр зээлж хүүлэх арга хэлбэр өргөн дэлгэрч байснаас мөнгөний ханш 50 жилийн дотор 25 дахин буурч байсан тухай дурьдсан байдаг. Түүгээр ч барахгүй гадаад орнуудтай усан замын тээврээр өргөн харилцаж, Хубилайн үед Шанхай, Ханьчжоу,- Гуанчжоу зэрэг том далайн боомтыг нээж ажиллуулсан.

Хубилай хааны үеэс улс орны хэрэг явдал, албан  хэргийг хөтлөхдөө "дөрвөлжин" үсгийг ашиглаж, Монгол, хэлийг нэвтрүүлэхийг оролдож олон сургууль байгуулж байв. Гэвч Юан улсын сүүл үеэр төрийн албанд Монгол хэл бичиг мэдэх хүний тоо олширч, нууцыг чандлан хадгалахад бэрхшээлтэй болсон зэргээс үүдэн Хятад хүмүүст монгол бичиг сурахыг хориглож байв. Нөгөө талаар монголчуудыг Хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж, Монгол, хятад хүмүүс ураг болох, Монгол хүн Хятад хувцас өмсөх, Хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байв.

Юан гvрний төрийн бодлого Хубилайгаас Тогоонтөмөр хvртэл Юан гvрний хаад Монгол төрийн гол бодлогыг мөрдлөг болгож байжээ. Хятад болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхлоо бэхжvvлэх, эрх мэдлийнхээ хvрээг аль болохоор өргөтгөхөд бодлогоо чиглvvлж байв. Ялангуяа Хятад орныг улс төр, эдийн засгийн талаар бvрэн захирах асуудал Монгол хаадын анхаарлын төвд байлаа.

Юан гvрний хаад Хятадын эзлэгдсэн газар нутаг, хvн ам, хөрөнгө баялгийг алтан ураг болон ноёд, жанжин, сайдууддаа соёрхол болгон хувааж өгчээ. Хубилай хаан өөрийн эх, хөвvvн Чингим нарт 105 мянган тариачин өрх, Баян жанжинд 6 мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Монгол хаад эзлэгдсэн орны ноёд, язгууртнуудтай холбоо тогтоож тэдний дэмжлэгт тvшиглэн улс улсын онцлогийг харгалзан захирна. Монголын Эзэнт гvрний бvх албан хэргийг монгол хэлээр явуулж байв.

Юан улсын vед зоосны зэрэгцээ 7 төрлийн цаасан мөнгө гарган гvйлгээнд оруулжээ. Алт, мөнгийг цаасан тэмдэгтээр солих тусгай газар байгуулан нэг лан алтыг 20 хэлхээ зоостой дvйх цаасан тэмдэгтээр сольдог байв. Монголын ноёрхлын vед хvн амыг бvхэлд нь 10 зэрэгт хувааж, алба татварын нэгдсэн системийг тогтоов. Хубилай хааны vед олон тооны элч төлөөлөгч, худалдаачид ирж албан vvргээ гvйцэтгэхийн зэрэгцээ Их хааны итгэлийг олж Монгол төрд алба хашдаг байлаа. Хубилай хаан буддын шашныг төрийн шашин болгож,Төвдийн лам Пагваг улсын багшаар өргөмжлөв. Төр, шашныг хослуулах төрийн хоёр ёсны сургаалыг хэрэгжvvлжээ. Будда, лал, христийн зэрэг шашныг зэрэгцэн оршихыг зөвшөөрсөн нь олон угсааны улсыг захирах Их гvрний бодлого байв.

Олон орны лам, эрдэмтэн, зурхайч нар Юан гvрэнд ирж цаг улирлын бичиг зохиох, одон орны оргил байгуулж од мичдийн хөдөлгөөн, тэнгэрийн байдлыг ажиж зурхайн ёс, мэргэ төлөг хөгжиж байв. Монгол хаад төрийн нууцыг хадгалах vvднээс шинэ бичиг зохиолгож, төрийн гол гол албан тушаалд монгол хvмvvсийг ажиллуулжээ. Монголчуудыг Хятадтай холилдон уусахаас сэргийлж, хятад, монгол хvмvvс ураг холбох, монгол хvн хятад хувцас өмсөх, хятад ёс заншилд орохыг хуулиар чандлан хориглож байв.
Хубилай хааны vед 20 гаруй улстай улс төр, худалдааны харилцаатай байжээ.

Хубилай өмнөх хаадын адил газар нутгаа өргөтгөх бодлого явуулж, Өмнөд Хятадыг бvхэлд нь эзлээд улмаар Бирм, Камбож, Вьетнамыг хэдэн удаа байлдаж тvшиц улс болгожээ. Хубилай Японд удаа дараа элч илгээж 1274-1296 энд хэд хэдэн удаа довтолсон ч далайн хар шуурга тохиолдож довтолгоон амжилтгvй болсон байна. XIV зууны эхэн vеийг хvртэл Монголын эзэнт гvрэн нэгдмэл байдлаа хадгалж ирсэн боловч цаашдаа бие даасан  хэд хэдэн улс болон задарчээ. Эдгээр нь Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс байсан юм.

Монголын эзэнт гvрнээс бие даан хант улс болсон нь

Алтан Ордны улс

Зvчи хаан нас барж Чингис хааны зарлигаар хvv Бат нь (1227-1256) тvvний орыг залгамжлав. Бат баруун зvгийн байлдаанаас буцаж ирсний дараа 1242 онд Алтан Ордны улсыг байгуулжээ. Алтан Ордны улсад Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал, Ижил мөрний Болгар, Половец буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказад орших олон хэлний янз бvрийн угсаа гарлын хvмvvс харьяалагдаж байв.

Орос улсын ихэнх хэсэг нь Алтан Ордны улсын бvрэлдэхvvнд оролгvй, алба барьдаг, хараат улсын байдалтай vлджээ. Алтан Ордны улсын гол хаад, Бат, Бэрх, Мөнхтөмөр, Тудамөнх, Тулабуга, Тохта, Узбек, Жанибек  нар байсан байна.

Цагаадайн хант улс

Дундад Азид оршин тогтнож байсан бөгөөд нийслэл нь Ил мөрний хөндийд байрлаж байжээ. Цагаадайн улсын нутгаар өрнө, дорныг холбосон худалдааны гол зам дайран гардаг. Энэ нь худалдаа эдийн засаг хөгжихөд таатай нөхцлийг бvрдvvлж байсан ч хөрш улсуудын худалдааны замыг эзэмшихийн төлөө халдлага довтолгоонд өртөх эрсдэлтэй байв. Цагаадайн хант улсын гол хаад, Цагаадай, Алгуй, Мубарек, Кебек , Казаган  нар байжээ.

Ил хант улс

Мөнх хаан суусны дараа 1256 онд дvv Хvлэгvд цэрэг өгч Ислам шашинтны улсуудыг эзлvvлэхээр явуулсны дvнд Перс, Ирак, Азербайджан, Армен, Туркестан, Гvржийн нутаг дэвсгэр дээр Ил хант улсыг байгуулжээ. Vvнийг Хvлэгvгийн улс гэх нь бий. Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хант улсын гол хаад,  Хvлэгv , Абага , Аргун, Гайхат, Газан, Өлзийт нар байлаа.
Алтан Орд, Цагаадай, Хvлэгvгийн улс нь баруун, зvvн, төв гэсэн гурван хэсэгт хуваагдаж байв. Төр засаг захиргааны зохион байгуулалтадаа монгол заншил, эзлэгдсэн орнуудын засаг захиргааны зохион байгуулалтыг хослуулан хэрэглэсэн байна. Эзлэгдсэн орнуудын муж, хот суурингуудад дарга нарыг тавьж, цэрэг суулган захирчээ.

Тэдгээр улс нь Монголын Эзэнт гvрний баруун хязгаарт оршиж тэдний нутгаар өртөө, худалдааны гол, гол зам дайран өнгөрч, Өрнө, Дорны соёл нэвтрэх, худалдаа, эдийн засгийг хөгжvvлэх гол гvvр болж байв.
Эдгээр улсууд өөр өөрийн хөгжлийн онцлогтой. Алтан Орд, Цагаадайн улс нь худалдаа, эдийн засгийн талаар нэрд гарч байсан бол Ил хааны улс шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар алдаршиж байв. Тухайн vед шинжлэх ухааны салбаруудаас тvvх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж, Ата-Малик Жувейний  «Ертөнцийг байлдан дагуулагчийн тvvх», Рашид-ад-диний «Судрын чуулган» зэрэг өдгөө бидний vед уламжлагдан ирсэн тvvхийн алдарт зохиолууд гарсан байна. Цагадай, Алтан ордны улсууд хот байгуулалтын талаар ихэд алдаршиж зарим тvvхэнд хотуудын орон гэж тэмдэглэгджээ.

Юан гvрэн унасан нь

Хубилайгаас Тогоонтөмөр хаан хvртэл нийт 16 их хаан Монголын Юан улсын төрийг захиран суув. Тогоонтөмөрийн vед Хятад орны нийгэм улс төрийн байдал туйлын хvнд болсон байжээ. Тvvний дээр Монголын эрх баригчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэж дотроо хагаралтай байсан нь төрийн хvчирхэг байдал, хяналтыг сулруулав. Vvнээс vvдэн нутгийн ноёд тvшмэдvvд дур мэдэн алба татварын хэмжээг vлэмж нэмэгдvvлсэн нь ард тvмний аж байдлыг хvндрvvлсний дээр байгалийн гамшиг нэрвэж хэд хэдэн удаа томоохон өлсгөлөн болж олон хvн өлбөрөн vхжээ.

Энэ бvхэн нь улс орны дотоодод тогтворгvй байдлыг бий болгов.
1337 онд Хятадад Монголын дарлалыг эсэргvvцсэн бослого гарч, эрч хvчээ авч байв. Босогчид улаан алчуураар толгойгоо боосноос тvvхэнд "Улаан алчууртны бослого" хэмээн алдаршжээ. Босогчид Өмнөд Хятадыг Монголын захиргаанаас чөлөөлж, улмаар 1368 онд нийслэл Ханбалиг хотыг эзлэн авчээ. Тогоонтөмөр хаан ойр дотныхоо хvмvvсийг хагас дутуу авч бvслэлтээс зугатан гарчээ. Тийнхvv 1368 онд Хятад дахь Монголын ноёрхол эцэс болж олон улс, угсаатныг нэгтгэсэн Монголын Юан улс мөхөж Хятадын Мин улс (1368-1644)байгуулагджээ.  

Монголын Эзэнт гvрний  бvрэлдэхvvн улсуудын дотоодод ч  зөрчил тэмцэл гарч байв. XIV зууны гучаад оны vеэс Хvлэгvгийн улсад дайн дэгджээ. Vvний улмаас Хvлэгvгийн улс дотроо хэд хэдэн улс болон хуваагдав. 1351-1352 оны vед Иранд гар урчууд, тариачдыг хамарсан том бослого гарчээ. 1353 онд босогчид Ил хан Тугатөмөрийг бусад эрх баригчдын хамтаар барьж хороонсоор Иран дахь Хvлэгvгийн ноёрхол эцэслэв.

Цагаадайн хаант улсад төрийн эрхийн төлөө vймээн самуун удаа дараа гарч, торгоны их зам хаагдав. Худалдаа наймааны ажил саатаж, эдийн засаг унасан нь  ард тvмний аж амьдралд хvндээр тусав. Цагаадайн улсын төрийн эрхийг хvчээр авсан Төмөр 1381-1398 онд Иранд хэд хэдэн удаа довтолж байлдан  эзэлжээ. Гэвч Төмөр нас барснаар Монголын ноёрхол  унасан юм. XIV зууны дундуур Алтан ордны эрх баригчид хаан ширээний төлөө тэмцэж,1357-1381 оны хооронд 20 гаруй хаан солигдож, улс нь дотроо хант улсууд хуваагджээ.

Ахмед хаан Алтан Ордны нэгдмэл хvчирхэг байдлыг сэргээх сvvлчийн оролдлого хийжээ. Гэвч 1480 оны өвөл Ахмед өрсөлдөгч этгээдvvддээ алагдаж, Алтан Ордны улс мөхөж 200 гаруй жилийн Монголын ноёрхол унав. Тийнхvv Монголын Эзэнт гvрэн эзлэгдсэн орнуудын ард тvмний эсэргvvцэл тэмцлээр унаж Ази, Европ дахь Монголын ноёрхол эцэс болжээ.

XIII-XIV зууны Монголын аж ахуй, соёл

Мал аж ахуй Байгаль, цаг уурын хvчин зvйлээс гадна оршин буй газар зvйн орчин, улс төрийн тархай бутархай байдал нь тэр vеийн монголчуудын эрхлэх аж ахуйд нөлөөлжээ.

XIII зуунд Их Монгол улс байгуулагдсанаар мал аж ахуй vндсэн аж ахуй болж таван хошуу малыг өсгөх болсон байна. Энэ дундаа адууны тоо толгой нэн олон байжээ. Учир нь холын зам туулах чадвартай, өл хоол даах тэвчээртэй шандаст хөлгvvдийг тусгайлан өсгөж байснаас адуун сvргийн тоо толгой хурдацтай өсчээ. Монголчууд малынхаа vр шимээр хоол хvнс хувцас хунар, орон сууц зэрэг аж амьдралынхаа бvхий л хэрэгцээт зvйлсийг хангаж байжээ.
Ан агнуур Монголчуудын амьдралд ан агнуур чухал vvрэгтэй байв. Малынхаа тоо толгойг өсгөх, хvнсний нөөц нэмэгдvvлэх, дулаан хувцас хэрэглэл бэлтгэх, эмчилгээний тvvхий эд бэлтгэх зэрэг олон зориулалтаар ан хийж байв. Хаад ноёд тэргvvтэй олон хvн оролцсон улсын чанартай ан ав хийхийг ав хомрого гэнэ. Их ав хомрого нь хvнсний нөөцөө бэлтгэхийн зэрэгцээ цэргийн бэлтгэл сургуулилт болдог байв. Их цэрэг аян дайнд мордох болон буцаж ирэхдээ ав хомрого хийнэ.
Жирийн олон тvмэн их ав хомрогод оролцохоос гадна ганц нэгээрээ буюу хэд гурваар ан хийхийг хайдаг ав гэнэ. Энэ нь аж ахуйн зориулалттай байв.

Төрийн тахилга, баяр наадам. Тэр vеийн монголчууд төр, шашны болон ахуй амьдралтай холбогдолтой тэнгэр, уул усны тахилга, найр хурим, цагаан cap зэрэг баяр ёслолыг өргөн тэмдэглэдэг байсан байна. Монголчууд эзэн хаанаа Мөнх тэнгэрээс язгуурт хэмээн vзэж тэнгэр, газрыг тахиж байв.
Хэнтий, Хангай, Алтайн нурууны гол ноён оргилуудыг тахин шvтэж байжээ.
Бурхан Халдун, Богд Хан уул, Отгонтэнгэр, Алтай, Хан хөхийн тахилга өнөөг хvртэл уламжлагдан ирсэн билээ.
Их Монгол улсын vед хаан өргөмжлөх, байлдах дайтах, хурим найр, оршуулга зэрэг улс, иргэний амьдралын бvхий л зан vйлийг бөө нарын зааж зурснаар гvйцэтгэж байсан бол Эзэнт гvрний vед бөөгийн зэрэгцээ буддын шашны лам нар ч оролцох болов. Тэр vеийн монголчуудын гол цэнгэл нь эрийн гурван наадам байжээ. Монголын нууц товчоонд Хасар, Есvнгэ, Бvрибөх, Бэлгvтэй, Чилгэр гэх мэт олон хvнийг хvчит  бөх, мэргэн харваачид  байсныг тэмдэглэсэн байдаг.

Орон сууц Монголчуудын vндсэн сууц гэр нь дээшээ ялимгvй цомцгороос бус өнөөгийнхөөс онцын ялгаагvй байв. Харин хаад ноёдын том хэмжээний гоёж чимэглэсэн гэр-орд, тэрэм олноор бий болсон нь тэр vеийн онцлог байв. Тэдгээрийг алтан-орд, алтан тэрэм хэмээж байсан байна. Гэр-орд барьж буулгадаггvй, тэргэн дээр байнга бариатай байдаг байжээ.
Зарим орд-гэр тэрэг нь өргөөшөө 30
фут байсан ба тэрэгний дугуйн хоорондох зай нь 20 фут, орд-гэр нь хэр тэрэгнээсээ хоёр тийшээ тус бvр 5 фут хиртэй илvv гарч байжээ. Тийм гэр тэргэнд 22 шар vхэр хөллөж байсан ба тэрэгний гол нь хөлөг онгоцны  шураг баганын чинээ том байсан тухай тэр vед монгол нутгаар явж байсан гадаадын элч тэмдэглэн vлдээжээ.

Нvvдлийн амьдралд хамгийн тохиромжтой сууц болох тэдгээр гэр  ордыг монгол урчууд өөрсдөө урлан бvтээж байв. Алтан тэрэм хэмээх vлэмж том хэмжээний асрыг онцгой vйл явдалд хэрэглэж байжээ. Унгарын хаан IV Белагаас бэлгэнд ирvvлсэн Алтан тэрэмд Гvюгийг хаан өргөмжлөх их ёслолыг хийсэн байна. Тэр нь хоёр мянга гаруй хvний багтаамжтай байжээ. Алтан Ордны хаан Бат ч мөн тийм гоёмсог тэрэмд амьдарч байсан тухай тэмдэглэл бий.

Хувцас хэрэглэл Монголчууд мал, ан амьтны арьс vсээр хийсэн хувцас хунарын зэрэгцээ харь орнуудаас авчирсан эд бараагаар хувцас хийдэг байв. Баян, ядуу хvмvvсийн хувцас нь эд, хийц загвараараа
хоорондоо ихээхэн ялгаатай. Эрчvvд нь оройн хэсэг нь бөмбөгөрдvv, ар шилэвч нь шилэн хvзvvг халхалсан буюу юvдэн хэлбэрийн малгай, гэрлэсэн эмэгтэйчvvд нь богтаг малгай өмсч байжээ. Богтог малгай нь нийгэмд эзлэх
байр суурь, зэрэг дэвээр ялгаатай байв. Хааны хатных хамгийн өндөр байв. Язгууртнууд vнэт vслэгээр хийсэн хувцас, алт мөнгөөр гоёмсог урласан гоёл чимэглэлийн зvйл хэрэглэнэ.
Бvс бол тал хээрийн дайчин эрсийн дайн тулааны алдар гавьяаг илтгэх тэмдэг, эр хvний онцгой эрхэмлэдэг гол хэрэглэлийн нэг байв. Монгол эрчvvд бvгд бvс бvсэлж харин эмэгтэйчvvд нь бvс хэрэглэдэггvй байснаас бvсгvй хvн гэгдэх болжээ. Талын язгууртан эрчvvд бvрэн хэрэглэлтэй алт, мөнгөн бvс бvслэдэг байсан тухай Монголын Нууц товчоо зэрэг тvvх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Монголчуудын хувцас нь хурдан шаламгай хөдөлгөөн, морь унахад саад болохгvй нvvдлийн амьдралд зохицсон байжээ.

Хот суурин Монголын тал нутагт дорно, өрнийн соёлын харилцан нөлөөллөөр өвөрмөц өнгө төрхтэй хотууд хөгжиж эхлэв. Тэдгээр хот нь өмнөх vеийнхээс цар хэмжээ, хvн амын бvрэлдэхvvн, зохион байгуулалтын хувьд ялгаатай байв. XIII-XIV зууны vед нийслэл Хархорум, Аураг орд, Чингай балгасан, Хар-тvнэ-ийн орд, Сvрийг бадруулах зэрэг нэлээд алдартай хот суурин, цэргийн бэхлэлтvvд байжээ. Эртний монголын хот байгуулалт, уран барилгын хамгийн шилдэг нь Хархорум хот юм.
Тvvнийг анх Чингис хааны зарлигаар 1220 онд барьж эхлээд Өгөдэй, Мөнх хааны vед дуусгажээ. Хархорум тvvхэн богино хугацаанд дэлхийн худалдаа соёл, шашин, гадаад харидцааны гол төвvvдийн нэг болж байв. Өгөдэй хааны 64 баганат ордон, францын дархан Вельгельм Бушьегийн урласан алдарт мөнгөн мод, буддын болон христос, лалын сvм дуганууд уран барилгын  өвөрмөц шийдэл, ур хийцээрээ олны харааг булааж байв.

Тухайн vед ирсэн Ромын Пап ламын элч Жиованни Дель Плано Карпини, Францын хааны элч Гийом де Рубрук нар Хархорум болон бусад хотын тухай олон сонирхолтой зvйлийг тэмдэглэн vлдээсэн нь өнөө vед тvvхээ сэргээн мэдэхэд чухал ач холбогдолтой болов. Хархорумыг барьж босгох хэрэгт монгол урчуудын зэрэгцээ эзлэгдсэн орнуудаас авчирсан барилгачин, урчууд хувь нэмрээ оруулжээ. Дээр дурдсан хотод гар урчууд олноор суурьшиж, алт, мөнгөөр гоёл чимэглэлийн зvйлийг урлаж байв.
Монголын нууц товчоо, Судрын чуулган зэрэг тvvхийн сурвалж бичгvvдэд мөнгөн өлгий, танан эрдэнийн чимэгт хөнжил, алт, мөнгөн ээмэг, бөгж, бvс зэрэг гоёл чимэглэлийн тухай олонтаа дурдагддаг.

Монгол хаадын дэргэд найман, уйгар, хэрэйд зэрэг бичгийн сайд тvшмэд төрийн хэргийг явуулахын зэрэгцээ олон хэлний орчуулагч бичээч нар ажиллаж албан хэргийг хөтөлж байв. Монголын хаан төрөөс илгээх захидал бичгийг тухайн орны хэлээр бичиж тvvнийг нь монгол төрийн албан ёсны бичгээр цохолт хийж баталгаажуулдаг заншилтай байв. Тухайн vед улсын заргач Шихихутуг, мэргэн сайд Чингай, Хадаг нарын зэрэг бичгийн мэргэд олноор төрөн гарчээ.

Монгол төрийн анхны цааз нь Их Засаг хууль байсан. 1269 онд улсын багш Пагва ламын зохиосон дөрвөлжин vсгийг Хубилай хааны зарлигаар төрийн бичиг болгосон боловч төдий л өргөн дэлгэрч чадсангvй. XIII зууны эцэс XIV зууны эхэн хагасын монголын нэрт  эрдэмтэн Чойжи-Одсэр “Махагалын магтаал”, “Зvрхний тольт” зэрэг гvн ухаан, хэлний зvй, уран зохиолын нэлээд ном бичиж эртний энэтхэг төвд хэлнээс  «Бодичарьяа-аватара» зэрэг гvн ухааны зохиол орчуулжээ. Мөн монгол   эрдэмтэн   Шаравсэнгэ уйгур, төвд хэлнээс буддын шашны хөлгөн судар “Алтангэрэл”, “Долоон өвгөний судар”, Сономгара төвдийн эрдэмтэн Гунгаажанцаны сургаалын зохиол Субашидыг тус тус орчуулж байжээ.

            Монголчуудын тvvхийн мэдлэг баялаг уламжлалтай бөгөөд тvvнийхээ ачаар тэд угсаагаа сайн мэдэж хойч vедээ өвлvvлдэг байв. Vvний тодорхой жишээ нь Монголын Нууц товчоо юм. Монголын нууц товчоо зохиолд тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан тvvхэн хэрэг явдлыг он цагийн дарааллаар тодорхой өгvvлжээ. Тэр vед «Нууц Товчоо»-ноос гадна «Монголжин аймгийн эх тvvх», «Алтан дэвтэр» зэрэг тvvхийн зохиол байсан нь бидний vед уламжлагдаж ирсэнгvй. Тэдгээр нь Чингис хааны өвөг дээдэс, удам угсааны тvvх буюу алтан ургийнхны тvvх байжээ. Мөн «Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл» хэмээх тvvхэн зохиол байсан нь орчуулгаар уламжлагдаж иржээ.

Монголчууд болон Монголын Эзэнт Гvрний тvvхэнд холбогдох араб, перс, армян, хятад, орос, солонгос зэрэг хэлээр тэр vед бичигдсэн тvvхийн зохиолууд бий. Тэдний заримаас дурдвал Ата-Малик Жvвейний «Ертөнцийг байлдан дагуулагчийн тvvх», Рашид-ад-Диний «Судрын чуулган», «Юан улсын судар», Магакийн «Нум сумтан ард тvмний тvvх» зэргийг дурдаж болно. Хубилай хааны зохиолгосон «Дөрвөн төрийн арван буянт номын цагаан тvvх» хэмээх тvvх хууль цаазны дурсгалт бичиг нь хувилбараар уламжлагдан иржээ.

            Урлаг, уран зохиол Аман зохиолын баялаг уламжлалд тулгуурлан монголын бичгийн уран зохиол бий болжээ. Аман зохиол, домог, ардын уран сэцэн vгсийг ашиглан тvvхийг уран сайхны аргаар гайхамшигтай сайхан бичсний жишээ нь «Монголын Нууц Товчоо» юм. Тиймээс бас уран зохиолын дурсгал болдог юм. Монголын нууц товчоог зохиогч нь өнөөг хvртэл тодорхойгvй боловч тэрбээр зөвхөн тvvхч төдийгvй чадварлаг уран зохиолч байжээ.  «Аргусан хуурчийн домог», «Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвvvний цэцэлсэн шашдир», «Хоёр загалын тууж», «Алтан Ордны vйсэн дээрх бичиг» зэрэг зохиол тэр vед зохиогджээ. Тэдгээр дурсгал нь тухайн vеийнхээ нийгмийн байдлыг тодорхой дvрслэн харуулсан байдгаараа онцгой ач холбогдолтой юм.

              Шашин шvтлэг Их Монгол улсын vед бөө мөргөл төрийн шашин байсан бол Монголын Эзэнт гvрний vед Энэтхэг, Төвдөөс уламжилсан буддын шашныг төрийн шашин болгож Пагва зэрэг төвд лам нарыг улсын багшаар өргөмжилж байв. Гэвч дийлэнх монголчуудын оюун амьдрал ахуйн гvнд бөө мөргөл зонхилж байв.


Бичсэн: khorolsuren | цаг: 11:10 | Хичээлийн лекцүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


үнцлогийг н мэдэх хүн бн уу
Бичсэн: Зочин цаг: 11:29, 2015-12-14 | Холбоос | |


Uneheer ih hereg bolloo bayrllaa tovch todorhoi oilgomjtoi bailaa баярлах
Бичсэн: Зочин цаг: 20:45, 2015-11-04 | Холбоос | |


Yag unshaad vzsen jne goy sonirxoltoi ym bna 10jild iim delgerengvi zaagaagvi ym bna.
Бичсэн: ez1a angi Enxzaya (зочин) цаг: 20:15, 2012-10-24 | Холбоос | |


shaaa
shaaaa loser
Бичсэн: Зочин цаг: 20:39, 2012-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax