2012-11-27
Лекц. 11 Сэдэв: 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал, тэдгээрийн түүхэн үр дүн, ач холбогдол /1910-1921 оны түүхэн үйл явдлууд /

Сэдэв: 1911 оны үндэсний хувьсгал, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал, тэдгээрийн түүхэн үр дүн, ач холбогдол /1910-1921 оны түүхэн үйл явдлууд /

1.    1911 оны үндэсний хувьсгал

ҮЭЧХувьсгал гарах урьдач нөхцөл бий болсон ньҮЭЧХувьсгалын үйл явцҮЭЧХувьсгал ялсан ньҮЭЧХувьсгалын онцлог, ач холбогдол Монголын тусгаар тогтнол сэргэх урьдач нөхцөл бүрэлдсэн нь

XIX зууны сүүлч XX зууны эхээр гадаад, дотоод бодит шалтгааны улмаас Манж Чин улсын сүр хүчин бууран доройтож, гадаад дахинаас тусгаарлан барьж байсан Монгол орон Хятад, Орос болон Европ, Америкийн зах зээлийн хүрээнд улам бүр татагдан орох болжээ.

Манж Чин гүрний дарангуйллыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн түүний дотоодод газар сайгүй өрнөсөн бөгөөд тэр тэмцэл нь үндэсний төр улсаа сэргээн байгуулах замаар үндэсний болон нийгмийн дэвшлийг хангахад чиглэгдэж байсан.

Монголын ард түмний үндэсний ухамсар идэвхжиж, Монголын тусгаар тогтнолыг сэргээх зорилго тавьж энэ хэрэгт туслахыг Хаант Орос улсаас хүсэх болсон.

Ийм түүхэн нөхцөлд Манж Чин улс эзэнт гүрнийхээ хэмжээгээр өрнөж буй эсэргүүцэл тэмцлийг намжаах, гүрэн улсаа аврах, Монголыг бусдад алдахгүйн тулд төрийн бодлогын зарим чиглэл, арга ажиллагааг өөрчлөн Синьчжэн буюу "шинэ засгийн бодлого" гэгч дээрээс зохион явуулах шинэтгэлийн үйл ажиллагааг 1901 оны эхээр  эхэлж, түүнийг эрхлэн хэрэгжүүлэх “Ду бань чжэнь чу”  хэмээх байгууллагыг байгуулжээ. Энэ шинэтгэл нь ерөнхиидөө улс төр, эдийн засаг, соёлын гэсэн 3 үндсэн чиглэлтэй байв.

1.Улс төрийн хувьд дээрхи шинэтгэлийн агуулга нь:

Үндсэн хуульт хаант ёсыг тогтоох.Төв орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өрнөдийн маягаар өөрчлөх.Зах хязгаар нутгуудыг Хятадачлах.Эсэргүүцэл тэмцэл гаргуулахгүй байх зэрэг  болно.

Эдгээр  зорилтоо хэрэгжүүлэхийн  тулд  авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд

1906 онд Гадаад Монголын төрийг засах явдлын яамны зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт хийж, байцаах товчоо, найруулах товчоог байгуулсан нь Монгол орныг байцаан судлах ажлыг эхэлсэн. Чин улс олон нийтийн эсэргүүцлийг урьдаас сэрэмжлэн цагдаж хянах ажиллагааг сайжруулахын тулд 1905 онд Цагдан цээрлүүлэх яам байгуулж, салбар албадыг томоохон хотуудад байгуулсан. Их хүрээний цагдан сэргийлэх газрын харьяанд Хятад газраас 40-өөд хүнтэй цэрэг цагдаа авч ирснээс гадна Түшээт хан, Сэцэн хан, Их шавь зэрэг 3 газраас 40 цэргийг дайчлан татаж хүн нэмэгдүүлсэн.1910 оноос "Шинэ засгийн бодлого"-ыг Монгол эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор үндсэн хуулийн төрийн талыг баримтлагч Сандо Их хүрээнээ хамаарсан сайдаар томилогдон  ирж Их хүрээнд цаазын  засаг /үндсэн хуульт/ төсөвлөн бэлтгэх газар гэгчийг байгуулж,ерөнхийлөн   шийтгэх   түшмэл,   хамт   нийлэн   шийтгэх түшмэл,  шүүмжлэн хэлэлцэгч түшмэл зэрэг орыг бий болгон халхын зүүн хоёр аймаг, Их шавийн нөлөө бүхий ноёд, лам нарыг томилон 1911 оноос ажилд нь оруулсан байна.Үндсэн хуульт төрийн байгуулал бий болгох асуудал байв. 1906 онд зарим байгууллагыг өөрчлөн, шинээр заримыг байгуулж, 1907 онд Дүрмийн засгийг зохион байцаах хүрээ, Засагт тус хийх яам, мужуудын хэлэлцэх хороог байгуулж, гадаад орнуудын үндсэн хуультай танилцах төлөөлөгчдийг явуулжээ. 2.Эдиин засгиин хүрээнд:

§  Монгол   зэрэг   зах   хязгаар   нутгуудад   Хятад   цагаач иргэдийг     шилжүүлэн суурьшуулах замаар     газар тариаланг хөгжүүлэх

§   Байгалийн баялаг ашиг малтмалыг олборлох

§  Худалдаа, зам тээврийг хөгжүүлэх.

§  Зах хязгаар нутагт ноёрхлоо бэхжүүлэн бусад орны нөлөөг хаах

Эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд:

§  1906 онд Бээжинд "Нүүлгэх ажил эрхлэх тусгай товчоо" байгуулагдаж, Халх Монголын тариа тарьж болох үржил шимт бүх газруудыг  хувааж, өртгийн нь 30 хувийг хошууны засаг ноёдод төлөөд Бээжингийн засгийн газар өөрийн мэдэлдээ бүрэн авахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн жилийн дотор Халх Монголын шилдэг  сайхан билчээрүүдийг булаан авч зааглаад, өдий төдий айл өрхийг мал сүрэгтэй нь хөөн зайлуулж,хоосон газар луу шахан гаргах болсон.

1910 онд Монгол газар, билчээрийг хагалбарлан тариалахыг хориглож байсан урьдын хуулийг хүчингүй болгож, 1911 онд Монголд газар хагалах хэргийн хороо олныг байгуулсны дотор Их хүрээнд хагалах хэргийн бүгд хороог байгуулжээ.Энэ нь Монгол газар Хятад тариачид, цагаач иргэнийг шилжүүлэн суулгах таатай нөхцөл бүрдэж, үржил шим, хур чийг ихтэй тариаланд хамгийн тохиромжтой нутаг болох Хүрээ-Хиагтын хоорондох газарт Хятад иргэд олноор суурьшжээ. Бас Манж Чин улс энэ нутагт тариачин иргэд олноор суурьшуулах замаар Хаант оросын өмнө талаар хаалт тавих улс төрийн давхар зорилготой байжээ.1904 онд Ар Монголд гаалийн хороо байгуулж, Монгол газар худалдаа хийсэн Хятад худалдаачдаас гааль хураан, өчүүхэн хэсгийг нь хошуудын мэдэлд өгч, үлэмж хэсгийг нь Манжийн төрийн санд авах болсон. Гаалийн хорооны дэргэд Тээгчийн хороог байгуулж, Монголоос гадагш, дотогш орох, гарах жин тээвэр, хотуудын хооронд явах хөсөг тээврээс түрээс хураах болсон.

З.Соелын салбар дахь шинэ засгийн бодлогын чиглэл нь:

§  Сургууль байгуулах.

§  Орон нутагт зориулсан хэвлэл гаргах.

§  Хятад хэлийг дэлгэрүүлэх.

§  Шашны нөлөөг бууруулах

Эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд:

Их хүрээнд 1908 онд зүүн хоёр аймаг, Их шавиас бүгд 40   хүүхэд   бүхий   сурган   тэжээх   сургууль,   1910   онд Улиастайд   мөн   40   хүүхэд   бүхий   сургууль   тус   тус байгуулж Хятад хэлтэй, төрийн бага тушаалын албан хаагчид бэлтгэхийг зорьжээ.Чин улсын төр монгол, хятад хүмүүс худ ураг барилдах, монгол хүн хятад бичиг сурах, хятад нэр хэрэглэх, хятад бичгийг албан хэрэгт хэрэглэх зэргийг хориглосон урьдын хууль цаазыг 1920 онд хүчингүй болгосон. ГМТЗЯЯ-ны найруулах, байцаах товчоог нэгтгэж, Гадаад засгийг судлах газрыг байгуулсан. 1908-1909 онд Гирин мужид "Монгол үгийн бодрол" нэрт Хятад     Монгол    хадмал     сониныг хэвлэн     гаргаж, Монголчуудын    дунд    Манжийн    төрөөс    явуулж    буй бодлого, арга хэмжээг байцаан сурталчлах болсон. Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлж, Хятадын нөлөөг ихэсгэх нь шарын шашны нөлөөг бууруулах алхам хийхэд хүргэсэн нь Богд Живзундамба хутагтаас эхлэн үй олон лам нар, жирийн сүсэгтний дургүйцлийг төрүүлж байсан болно. Манж Чин улсын шинэтгэлийн арга хэмжээнд Монгол нийгэм-улс төр, эдийн засаг, соёлд тус болохуйц дэвшилт зүйл  цөөнгүй байсан боловч тэр бүхнийг хэрэгжүүлэх нэрийдлээр олон Хятад иргэдийг Монгол газар оруулж ирсэн нь Хятад бодлогын   илрэл   байсан.  

   Ийнхүү   Манжийн   төрөөс   Монголд хэрэгжүүлж эхэлсэн "Шинэ Засгийн бодлого" нь Монголчууд  оршин   тогтноход   асар   их   аюул   авч   ирж,   үүнийг  ухамсарласан Монголын ард түмэн үндэсний төр улсаа сэргээн  байгуулахыг дээрх аюулаас аврах ганц зөв зам хэмээн үзэх болжзэ.

Үндэсний    Эрх    Чөлөөний    хувьсгал    ялж,    Олноо өргөгдсон Монгол улс байгуулагдсан нь. Чин улсаас хэрэгжүүлж байгаа иргэнийг шилжүүлэн суулгах, хязгаарыг бэхжүүлэх "Шинэ засгийн бодлого" зэрэг нь олон Монгол угсаатны янз бүрийн анги давхрааны элдэв хэлбэрийн эсэргүүцэлтэй энд тэндгүй тулгарах болсон нь чухамдаа уг бодлогуудыг хэрэгжүүлэх явцад Монгол газарт түрэн ирж байгаа Хятад иргэд худалдаачдыг эсэргүүцсэн үндэстэн хоорондын зөрчил төдий бус, Монгол угсаатан үндэсний эрхээ эдэлж, уламжлалт төрийн тусгаар тогтнолоо сэргээх их тэмцлийн эхлэл болсон байна. Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Ар Монголын шашны тэргүүн, нийт Монгол туургатны шарын шашны номын багш VIII Богд Живзундамба хутагтын гүйцэтгэсэн түүхэн үүрэг зүй ёсоор байр сууриа эзэлдэг байна. XIX зууны сүүл, Чин гүрний "Шинэ засгийн бодлого"-ыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс түүнийг эсэргүүцэн, хэрэв энэ арга хэмжээ хэрэгжвэл "Монголчуудын язгуурын ёс" алдагдахад хүрнэ гэж үзэж байв. Эл "язгуурын ёс" гэдэг нь "Монголын аж ахуй, хэл соёл, хэв заншил, үндэсний өвөрмөц онцлог, шашин шүтлэгийг алдагдуулахад хүргэхгүй байх, улмаар Монголын газар шороог бусдад алдахгүй байх, эцэст нь монголын тусгаар тогтнолыг сэргээх саналыг агуулж байсан учир нийт Монголчуудын  дэмжлэгийг хүлээж чадсан байна. Монголын ҮЭЧХ-ний бусад удирдагчид ч Богд Живзундамбын асар их нэр нөлөөг ашиглан бүх Монголчуудыг бурхны шашны тугийн дор нэгтгэх арга тактикийг хэрэглэх нь амжилт олох чухал үндэс гэдгийг сайтар ойлгож байв.1900 онд Живзундамба хутагт, Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Одсор нарыг Орос улсад зарж, Монголын тусгаар тогнолын хэрэгт тусламж эрж, бэлэг захидал явуулсан боловч Оросын Засгийн газар Петрбургт очсон Живзундамба ламын элч нарын хүсэл гуйлтыг төдийлөн анхаарч үзсэнгүй. •1904 онд Түвдийн Далай лам, Буриадын хамба лам Агвааны дэмжлэгтэйгээр Их хүрээнээ хүрэлцэн ирж тусгаар тогтнолын төлөө Түвд Монголын тэмцлийг холбон уялдуулж, Түвдийн тусгаар тогтнолд Оросоос дэмжлэг авах арга замыг эрэлхийлэх талаар хамтран зөвлөлдсөн байна. 1907 онд Өвөр Монголын Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл Хайсан, Алмас-Очир нар Их хүрээнд ирж Халхын эрх баригчидтай бүх Монголын тусгаар тогтнолын асуудлаар зөвлөлджээ. Энэ үеэс Чин улсын "Шинэ засгийн бодлого"-ыг хэрэгжүүлэх байгууллагад ажиллаж байсан Их шавийн Да лам Цэрэнчимэд, Түшээт хан аймгийн жанжин Ханддорж нар Өвөр Монголоос ирсэн Хайсантай дотно танилцаж, Монголын тусгаар тогтнолын тэмцлийн арга замыг хамтран ярилцах болсон байна. Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх дэвшилт үйл хэргийг хүсэмжилсэн Монгол ноёд 1910 оны үеэс хоорондоо идэвхтэй бичиглэн санал солилцож, Халхын ноёдын зөвлөгөөн хийж Монголын цаашдын зам мөрийг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэсэн байна. •Халхын эрх баригч ноёд, дээд лам нар 1911 оны 6 сарын 21 нд Живзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд их хүрээнд нууц зөвлөгөөн хийж, тус зөвлөлгөөнд оролцогсод, Богдоос "Чин улсын шинэ засгийн бодлогыг хүлээх эсэхийг эрс тэс санал гаргаж нэгтгэн мэдүүл" гэсэн лүндэн буулгасны хариуд Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан зэрэг ихээхэн ноёд Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай байр суурьтай зарим түшмэл лам нар олонх болж, Чин улс гүнзгий хямралтай байгаа үеийг ашиглан Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө шийдэмгий шургуу тэмцэх нь чухал гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ үеэр Түшээт хан аймгийн Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Чагдаржав, Да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, төрийн тусгаар тогтнолыг сэргээх их үйлсийг дан өөрсдийн хүчээр шийдвэрлэхэд түвэгтэйг харгалзан үзэж Монголд улам бүр нөлөөтөй болж байгаа Орос улсаас тусламж эрэх саналыг тус зөвлөлгөөнөөр хэлэлцэж, Богдоос зөвшөөрөл олжээ. Тус зөвлөлгөөнөөр Түшээт хан аймгийн Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсад томилон явуулахаар тогтов. Тус чуулганаас Түшээт хан аймгийн чуулган дарга Түшээ гүн Чагдаржав, Сэцэн хан аймгийн туслах жанжин Далай бэйс Гомбосүрэн нарыг гэнэтийн түргэн шуурхай хэрэг тохиолдвоос эрхлүүлэхээр Их хүрээнээ үлдээж бусад ноёдыг нутагт нь буцаажээ. Монголын төлөөлөгчид, Живзундамба хутагт болон Дөрвөн аймгийн хан нар хамтран Орос улсын эзэн хаанаас тусламж эрсэн бичгийг авч 7 дугаар сарын эхээр Их хүрээнээс нууцаар мордон 8 дугаар сарын 15-нд Петербург хотноо очжээ.

    Тэр бичигт "...ойроос инагш Хятад түшмэд эрхийг барьж элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэн завшаад, монголын газрыг ашиглан тариа тарьсугай гэх зэргээр эзлэх, хуучин хэв сургаалийг эрх сүрээр бууруулан бүрэлгэх нь үнэхээрийн гашуун...хянахад олон улсын тогтсон хуулинд аливаа доор бага улс болвоос чийрэг их улсыг шүтэж өөртөө тогтнох, чийрэг их гэж болвоос доорд бага улсыг тэтгэн туслах ёс бий тул учрыг нь гарган бичиг өргөж...Их хаан үнэн байдал төрхийг нэвт тольдож, аугаа өршөөлөөр нигүүлсэн үзэн Даруйхан хамгаалан туслахыг их танд бороог хүсэх мэт сүслэн гуйж чин үнэнийг илрүүлэн өчүүхэн бэлэг сэлтийг хичээнгүйлэн өргөв"   гэхчлэн Чин улсаас. Монголд явуулж байгаа бодлогын бурангуй чанарыг зүйл бүрээр илчилж, нийт Монголчууд тусгаар тогтнож өөрийн улсыг байгуулах нэгдмэл хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна

Мөн уг бичгийн нэгэн зүйлд "нууц болзооны гэрээ бичиг байгуулж болох бол тэр хэрд Монголын газраа яаж Оросын худалдаа гүйлгэх, төмөр зам хэмээх өртөө байгуулах, алт мөнгөний зоорь нээлгэх, бичиг цэргийн сургууль байгуулах зэрэг зүйлийг нарийвчлан хэлэлцэж тогтоовол болох болов уу" гэж Орос улсаас Монголын хувьд хамгийн их сонирхож байгаа асуудлыг ч шийдэхэд бэлхэн байгаагаа мэдэгдэж дэнчин тавьж тэмцлээ дэмжүүлэхийг эрмэлзжээ .Гэтэл Орос улсын Засгийн газар Монголын хүсэлтийг онц зөвлөлгөөнөөр хэлэлцэж, Монголын төлөөлөгчдөд Монгол нь одоо үед Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй, харин Монголд хийж байгаа шинэтгэлийг зогсоолгох талаар Бээжинд мэдэгдэл хийж, болзошгүй аллага, хядлагаас Монголчуудыг өмгөөлнө гэхчилэн Монгол улсыг дипломат замаар дэмжихээ илэрхийлсэн хариу өгчээ. 1911 оны өвлийн эхэн сард Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар нууцаар уван цуван Их хүрээнд ирмэгцээ Орост явсан ажлынхаа дүнг Их хүрээнд хуралдахаар ирсэн ноёдын зөвлөлгөөнд илтгэн танилцуулж, нэгэнт бий болоод байгаа гадаад, дотоод байдлыг шүүн тунгаагаад, 1911 оны 11 дүгээр сарын 28-нд Богд гэгээнд мандал өргөж бичгээр айлтгасан байна.  Тэр бичигт ... Хянаваас одоо цаг төр урьд лугаа адилгүй их л түгшүүртэй болсон аж. ...Одоо өмнө газар их самуун дэгдэж олон мужид шинэ төр байгуулан өөртөө улс болон тогтож бүхий чимээ машид олон болсон ба Манжийн хаан аймагтны эрх мэдэл тун ч өчүүхэн болжээ. Одоо манай Монгол яахин хүмүүжвээс сайн болохыг зааж соёрхохыг хүсэж мандал өргөмүй. Их нигүүлсэхүй бээр айлда айлдагтун" гэжээ. Богд гэгээн, ийнхүү өргөсөн мандлын хариуд "Таны ингэж асуусан нь маш сайн. Ер аливаа юманд цаг хэмжээ үгүй нь огт үгүй. Манж Хятадын энэ байдал цөм'цаг болсны тул болой. Харин одоо Монгол овгийн аймаг бүгдээр нийлэн, өөртөө улс болон тогтнож, шарын шашныг бататган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон үзэхгүй болох цаг болсон" гэжээ. Их хүрээн дэх ноёд лам нар хэрхэх  тухайгаа  хэлэлцээд, төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага-"Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар" /ХХБХТЕШГ/ гэгчийгТүшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржаваар толгойлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1911 оны 11 дүгээр сарын 30-нд байгуулав.Түр ерөнхийлөн шийтгэх газрын ойрын зорилго нь:Монголын тусгаар тогтнолыг зарлан тунхаглах.Манж, Хятад цэргийг Монголын хязгаараас хөөн гаргах.Шинэ.   төрийн     байгууллагуудыг    үүсгэн     байгуулах алхмуудыг яаравчлан хийх явдал байв.. Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ерөнхийлөн шийтгэх газраас хувьсгалын ялалтыг хангаж дараахь арга хэмжээг авчээ. Үүнд: Живзундамба хутагтын лүндэнг Ар, Өвөр Монголын засаг ноёд Барга, Алаша, Хөх нуур, Ил Тарвагатайн монголчуудад яаралтай дамжуулахдаа Живзундамба хутагтыг Монгол улсын хаанд өргөмжлөн, шашин төрийн бүх хэргийг түүний гарт төвлөрүүлэхийг мэдэгдсэн байна. Тулгар төрийг байгуулах хэрэгт тус тусын нутгаас цэрэг татах шийдвэр гаргаж юуны өмнө Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгаас эхлээд 500 орчим цэрэг цуглуулж, энэ цэргийн тоо нь 1500 орчим болсон бөгөөд түүн дээр 4 аймгийн 47 харуулаас тус бүр 10 цэрэг дайчлан хүрээнд ирүүлжээ  Монголын төрийг сэргээн мандуулах тунхагийг 1911 оны 12 дугаар сарын 1-нд гарган Монголчууд тусгаар улс болох бүрэн эрхтэй бөгөөд зөвхөн Манж, Хятад эрх баригчдын эсрэг тэмцэж байгаагаа олон түмнээ зарлан тунхагласан. Үүнд: "Манай Монгол болбоос угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өөрсдөө улс болон өөрийнхөө хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй, шинэ төр байгуулан тогтоохоор зөвлөн тогтсон. Үүнд: Манай Монгол нь Манж, Хятад түшмэдүүдэд захирагдахгүй, тэдний эрх мэдлийг шууд хасаж биесийг уг нутагт буцаахаар бичиг өгсөн нь дан ганц тэдний эрх мэдлийг хасаж буцаахаас өөр, энгийн номхон наймаалан суух иргэдийг учиргүйгээр халдан зовоох санаа бус болой" гэжээ. ХХБХТЕШГ 11 сарын 30-ны оройн 7 цагт Их Хүрээн дэхь Чин улсын сүүлчийн сайд Сандо-г 3 хоногийн дотор хилээс гарах шаардлага тавьж, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна. Улмаар 12 сарын 4-нд Чин улсын сайд түшмэдүүдийг Монгол нутгаас үлдэн зайлуулжээ. ХХБХТЕШГ 11 сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёсны он тооллыг халж, Монгол 12 жилийн цаг тоог баримтлан “Цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр болжээ.12 дугаар сарын 12-нд Халхын 4 аймаг, Хиагтын харуулын газар, мөн сарын 17-нд Шилийн гол, Улаан цав, Их зуугийн чуулганы дарга нар, Алаша ван, Дарьганга, Шинэ хуучин баргын олон хошуу, бүгдийн дарга нарт илч довтолгон өөр өөрийн хошууны нутгийн сүв боомт газар цэрэг яаралтай томилон суулгаж, нутаг орныг ариутгахыг даалгажээ. Түр Засгийн газар цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 12 дугаар сарын 29-ний баасан гараг өлзий учрал бүрдсэн сайн өдөр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг албан ёсоор тунхагласан. Богд  ЖивзундамбыГ хааны ширээнд залж суулган Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан гэдэг алдар цолыг өргөмжлөв. Улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрлэж 12 дугаар сарын 29 буюу билгийн тооллын өвлийн дунд сарын 9-нийг улсын их баярын өдөр болгожээ. Мөн түүний гэргий Дондогдуламыг улсын эхэд өргөмжилж Богд хаан, Эх дагина хоёрт хааны эрдэнэ хас тамга, алтан үсэгт өргөмжлөл, есөн цагаан бэлэг сэлтийг өргөж төрийн ордноо цугларсан бүхэн гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж мөргөж ёслов. Богд хаан энэ ёслолын дараа төрийн их хэргийг эрхлүүлэхээр Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх гэсэн 5 яамыг байгуулж олон аймаг хошууны засаг захиргааг хуучин хэвээр явуулж тус тусын засаг ноёдын цол хэргэмийг хэвээр хэрэглүүлэн нийтээр нэгэн зэрэг дэвшүүлэн шагнажээ. Живзундамба хутагтын шавь нарыг товчлон захирах бүгдийн дарга, дэд даргын ор 8-г бий болгож, бүгдийн даргыг Засгийн ёсоор, дэд даргыг туслагчийн зэрэг дэвээр явуулах зарлиг буулгав. Мөн тулгар төрийг байгуулах хэрэгт онц зүтгэсэн Да лам Цэрэнчимэдэд чин вангийн пүнлүү, Чин ван Ханддоржид үе улирах ханы зэрэг, чин вангийн давхар пүнлүү, ногоон жууз, засаг бэйс Гомбосүрэн, засаг улсын түшээ гүн Чагдаржав, засаг тэргүүн зэрэг тайж гүн Намсрай нарт тус бүр жүн вангийн хэргэм, түшмэл гүн Хайсанд түшээ гүнгийн хэргэм шагнажээ. Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой чин ван Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны, Их хүрээний да лам Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамныТүшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамныСэцэн хан аймгийн жанжин засаг бэйс Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамныТүшээт хан аймгийн улсад туслагч гүн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тус тус томилсон. Ийнхүү Монголын төрийн голомт болж байсан Ар монголд шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр сэргэсэн нь МҮЭЧХ-ний ялалт, хувьсгалт эргэлт байлаа. Олноо өргөгдсөн Монгол улсад "монгол овогтон бvгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах", Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хvлээн зөвшөөрvvлэх зорилго тулгарлаа.Манж Чин гvрний захиргаанд байсан монгол овогтнууд Олноо өргөгдсөн Монгол улсад нэгдэхээ илэрхийлж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж vзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирvvлээгvй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам vлдсэнгvй.1912 оны 1 дvгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн, Магсаржав гvн, Дамдинсvрэн гvн, Тогтох тайж, Хайсан гvн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргvvд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны 8 дугаар  сарын 7-д Ховд хотыг бvрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна.

Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын онцлог, үр дүн ач холбогдол.

Үндэсний эрх Чөлөөний Хувьсгалын онцлог нь: Нэгдүгээрт, 1911 онд гарсан улс төрийн энэ эргэлт нь Засгийн   эрхийг   Монголчуудад   өөрт   нь шилжүүлсний   хувьд Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөнд гарсан чанарын өөрчлөлт буюу Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгал мөн. Хоёрдугаарт, Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хамгийн олон монгол угсаатныг татан оролцуулснаараа монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байна. Энэ хөдөлгөөнд зөвхөн Чин улсын захиргаанд байсан монгол угсаатнууд төдийгүй, Орос улсын бүрэлдэхүүнд байсан   торгууд,   буриадын   эх   оронч   төлөөлөгчид   чөлөөлөх тулалдаан,     Монгол   улсын     бүтээн     байгуулалт,     гадаад харилцааны албанд хувь нэмрээ оруулж байсан байна. Гуравдугаарт, Тухайн нийгмийн бүх анги давхаргыг хамарсан төдийгүй, хувьсгалын удирдагчид нь Монголын ноёд язгууртнуудын төлөөлөгчид байсан. Энэ нь Живзундамба хутагт Монгол улсын хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаар хишиг хүртээсэн олон зүтгэлтэн ноёд, лам нарын дотроос Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг хамгийн түрүүнд бичээд "тулгар төр байгуулах тухайн хэрэгт хүчин зүтгэж байсан" гэж гавьяаг нь тодотгосноос тодорхой байна. Дөрөвдүгээрт, Монгол улсын оны цолыг "Олноо
өргөгдсөн" гэж тодотгосон нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь бүх
Монголчуудын' гэсэн санааг илэрхийлж байсан учраас мөн тэр өдрөө гадны эсэргүүцэлтэй тулгарсан тул улсын цол байхаа больж, Монгол улсын оны цол болж улс байгуулсан өдрөөс эхлэн олноо өргөгдсний тэргүүн он гэх болсон байна. Тавдугаарт, Монголчуудын Үндэсний Эрх Чөлөөний тэмцлийн гарааг хязгаарлагдмал дэмжсэн Орос улс, Дундад иргэн улстай хуйвалдан, өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс монголын тусгаар тогтнолыг цуцалж, зөвхөн Ар монголыг Дундад Иргэн Улсын харьяанд автономит эрхтэй байлгах болсноор монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын гол үр дүнг алдагдуулсан байна. Зургаадугаарт, Манай түүх судлалд энэ улсын нэрийг үндсэндээ 3 янзаарнэрлэж ирэв. Үүнд: Автономит Монгол улс, Монголын хаант улс, Богд хаант Монгол улс гэдэг. Эдгээр нь цөм зохиомол нэр бөгөөд автономит Монгол улс гэдэг нь сүүлд Орос Монголын 1912 оны хэлэлцээрт Оросоос оруулсан нэр бөгөөд цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалтаар сэргэсэн Монгол улсын хувьд ямар ч холбогдолгүй. Харин нөгөө хоёр нь судлаач эрдэмтдийн түүхийн үнэнийг сэргээхэд чиглэсэн ажлын үр дүн юм. Иймд 1911 оны хувьсгалаар мандсан Монгол улсын анхны цол тодотголыг сэргээн хэрэглэж олноо өргөгдсөн Монгол улс гэж түүхийн үнэнийг сэргээх нь зүйтэй гэсэн зарим эрдэмтдийн саналыг дэмжиж байна.

Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын ач холбогдол, үр дүн нь:

Нэгдүгээрт, Монголын Үндэсний Эрх Чөлөөний хувьсгалаар 200 гаруй жилийн дараа Монголын үндэсний тусгаар тогтносон төр улсыг сэргээн тунхагласан нь Монголын түүхэнд цаашдын ул мөрөө үлдээсэн дэвшилтэт үзэгдэл болсон Хоёрдугаарт, Монгол. колончлолын ёсыг унагасан дэлхийн анхны улсуудын нэгэн болж, харийн дарлал мөлжлөгөөс улс үндэстнээ чөлөөлсөн явдал болно. Энэ нь нийт монгол угсаатанд үндэсний тусгаар тогтнолын уламжлалаа мэдэрч, үндэснийхээ эрхийн төлөө тэмцэх ухамсрыг төрүүлсэн. Энэ хувьсгалаас хойш аль ч оронд байгаггмонголчууд үндэсний өөрөө засан тохинох эрхийн төлөө шургуу тэмцэх болж, Ар монгол төрийн тусгаар тогтнолоо дахин байлдан олж биеэ даасан улс болсон. ЗХУ дахь буриад, торгуудууд өөртөө засах улс болсон. Одоогийн БНХАУ дахь Өвөр Монголчууд өөртөө заоан тохинох эрхээ бүрэн эдлэх замд ихээхэн амжилт олсон билээ. Гуравдугаарт, Монгол улс тусгаар тогтносон нь 20-р зууны Монголын түүхийн гол үйл явдал, Монголчуудын сэргэн мандалтын эхэн болов. Энэ нь олноо өргөгдсөний жилүүдэд соёл, эдийн засаг, улс төрийн талаар шинэтгэл хийж хаант Орос улсын тусламжтайгаар орчин үеийн цэрэг иргэний сургууль, тогтмол хэвлэл, зарим жижиг үйлдвэр, уурхай, үндэсний санхүү гаалийн тогтолцоо, хүн, малын европ эмнэлэг үүсгэн хөгжүүлж эхэлснээс гадна гадаадын үйлдвэр худалдааныхантай хоршиж хувь нийлүүлсэн үйлдвэр, хоршоо, нийгэмлэг байгуулах зэргээр Монгол орныг гадаад ертөнцөд нээлттэй байлгах болсноор илэрч байна.

Хиагт дахь гурван улсын гэрээ

Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглаж, өөрийн хаант улсаа байгуулсан тэр vед Чин улсын өмнөд нутагт Учаний хөрөнгөтний хувьсгал ялж, Бvгд Найрамдах Дундад Иргэн Улс байгуулснаа тунхаглаж, анхны ерөнхийлөгчөөр Юань Шикайг сонгон 1912 оны 3-р сарын 10-нд үндсэн хуулиа баталжээ.Бvгд Найрамдах Дундад Иргэн Улс тунхагтаа «Улсын vндэс бол ард тvмэн байдаг. Хятад, манж, монгол, хотон, төвдийн нутгийг нэгэн улс болгож, эл угсаатныг нэгтгэж нэгэн хvн мэт болговол энэ нь vндэстний нэгдэл болно.Учанд бослого гарснаас хойш арав гаруй муж тусгаар тогтнов. Тусгаар тогтнол бол нэг талаар Манж Чин улсын ноёрхлоос ангижрах, нөгөө талаар олон мужийг тvvнчлэн Монгол, Төвдийг ч гэсэн нэгтгэхийг хэлж байгаа юм» гэжээ.Гэвч Монголын эрх баригчид нэгэнт байгуулсан улс, төрдөө vнэнч, Хятад улсын тvрэмгий санаархлыг няцааж, өөрсдийн тусгаар тогтнолын хэргээ лавшруулж байв. Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан нь хөрш хоёр улс Орос, Дундад Иргэн Улсын аль алиных нь ашиг сонирхолд нийцээгvй асуудал байсан учраас тэд vvнийг өөрсдөдөө  ашигтай болгох арга зам эрж хайж байсан юм. Ингээд  Орос, Дундад Иргэн Улс хоёр Монголын асуудлаар удаан хэлэлцсэний эцэст 1913 оны 11 дvгээр сарын 5-нд Бээжинд «Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг» гэдэг тунхаглалд гарын vсэг зурсан нь хөрш хоёр гvрэн Монголын тусгаар тогтнолыг хавсайдан цуцалж зөвхөн Ар Монголыг Дундад Иргэн Улсын харъяат автономит эрхтэй болгов.Ийнхvv 1911 оны монголын vндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт болох Монголын тусгаар тогтнолыг хvчээр устгаж, Монголд Хятадын цэргийн харгис дэглэм тогтов.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал

Хувьсгал гарах нийгмийн нөхцөл, шалтгаан  Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээлд орсон хэдий ч хөгжлийн жам ёсоор нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийг эрмэлзэгч хvчнvvд буй болж, vндэсний ардчилсан vзэл дэлгэрч байв.Нийгмийн эрх чөлөөг эрмэлзэх сэтгэлгээ монголчуудыг улам бvр эзэмдэж байлаа.1917 оны 11 сарын хувьсгалын тухай мэдээ төвийн хэвлэлүүдэд нийтлэгдэж,  тvvнд vлгэр загвар болох бодит нөлөө 1917 оны Орост гарсан Октябрийн хувьсгалаар Оросын ард түмэн эрх чөлөөгөө олж, дарлал мөлжлөгийг устгасан тухай Монголын нутагт нэвтрэн ам дамжин яригдах болов.

Энэ vед Монгол орныг эзлэн тvрэмгийлэх, уусган хятадчилах зорилгыг тов тодорхой тусгасан Чен-И-гийн “64 зvйлт гэрээ” болон Сюй шvжаны «Монголын хойчийг сайжруулах 8 зvйл» зэрэг баримт бичгvvдийн vзэл санаа хэрэгжиж эхлэв.

Монгол оронд хятад цэргийн дэглэм тогтсоноор «гамин хятадын эрх баригчид...улсын сан, цааз хууль зэргийг цөм өөрийн гарт авч... газар орныг хятад цэрэг суулган хамгаалан сахих болгосон»  ба монголчуудыг дээд доод хэмээн ялгаварлалгvйгээр дарлан доромжилж тvйвээн дээрэмдэж эхлэв. Ингэж автономит эрхээ алдсанаар туурга тусгаар улсын vед ардчилсан vзэлтнvvдийн сэдэж санасан бvхэн талаар өнгөрч, монголчууд хvн төрөлхтний хөгжлөөс хол хоцорсон хэвээр vлдэх, vндэстний хувьд мөхөх аюул дахин нvvрлэжээ.

Энэхvv хямрал нь гvнзгийрсээр улс орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн 1921 оны хувьсгал гарах нийгмийн нөхцөл, тодорхой шалтгаан болжээ. Япон улсад гvн Гvррагчааг нууцаар томилон явуулж, америк худалдаачин Ларсонаар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг хvссэн хэдий ч нөлөөнийхөө бvс нутгийг хувааж, эзэмшил эрхээ тогтоосон дээрх гvрнvvд Монголын асуудалд нааштай хандах сонирхолгvй байв. Тvvнчлэн Бээжинд очсон Жалханз хутагт ч төдийлөн тусыг олж чадсангvй.

Эрх баригчдын хvрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт  Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гvн Гомбо-Идшин нарын vндэсний vзэлтэй, эх оронч зорилготой лам, ноёдоос бvрдсэн бvлэг vvссэн ч тэд бие даан улс төрийн идэвхитэй vйл ажиллагаа явуулах боломжгvй байв.

Ийнхvv эрх баригчдын оролдлогууд бvтэлгvйтэж vйл ажиллагаа нь мухарджээ. Энэ бvхэн нь улс төрийн тавцанд шинэ хvчин гарч ирэхэд нөлөөлөв. Бvх хvчний дотроос хамгийн идэвхтэй, бодит хvч нь бvлгэмийнхэн болов. Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон vед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хvрээнд нууц хоёр бvлгэм буй болжээ. Тэдгээрт vндэсний эрх чөлөө хийгээд нийгмийн дэвшлийг эрмэлзсэн жижиг тvшмэд, бичиг хэргийн албан хаагчид нэгдэж байв.
Консулын бvлгэмийг Их шавийн харьяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш, шинэтгэгч vзэлтэн Д.Бодоо vндэслэсэн бөгөөд тvvнд Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамьян, Жигмиддорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр, Вачиров нарын хvмvvс нэгдэж байв.

Тэднээс гадна бас нэгэн булгэм vvссэн нь Ой модны тvрээсийн газрын тvшмэл байсан С.Данзангийн зохион байгуулсан Зvvн хvрээний бvлгэм юм. Тvvнд бичиг, цэргийн жижиг тvшмэл Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дvгэржав, Д.Сvхбаатар нар нэгджээ. Тэд vзэл бодол нэгтнvvдээр эгнээгээ өргөтгөх, хятад цэргийн тоо, хvч, зэвсгийг тагнах, умард хөршид тогтсон шинэ засаг төрийн бодлого зорилгыг танин мэдэхийн төлөө хичээнгvйлэн ажиллаж байжээ.

1920 оны I сарын 5-нд бvлгэмийн 20 гаруй гишvvд Хvрээний Баруун өргөөнд цуглаж «...бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгvй, дан ганц харъяат Монголын шашин vндэс ба олон тvмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар тvвшнийг олох замыг нээгдvvлж соёрх»  хэмээх vг зохион сvvгээр хадган дээр бичиж тухайн хэрэгт амь бие хайрлахгvй, буцалтгvй тэмцэх тангараг тавьжээ.

Нууц бvлгэмийнхэн бодлого, зорилгоо харилцан мэдээлэх, хурал цуглаан хийх, хятад цэргийн vйл ажиллагааг илчилсэн ухуулах бичиг, хуудас зохион олны хөлийн газар наах, зэвсэг цуглуулан бэлтгэх, ЗОУ-тай холбоо тогтоон тусламж олох замыг сvвэгчлэх, өөрсдийн ажлын бvтэмжтэй эсэх талаар мэргэ төлөг тавиулах, хятад цэргийн дарангуйлагч Сюй Шv жаны амь насанд халдахыг оролдох зэрэг тухайн цагт хийх бололцоотой бvхий л алхмыг хийхийг оролдож байв.

1920 оны цагаан сараар С.Данзан, Д.Сvхбаатар нарыг ЗОУ-тай холбоо тогтоолгохоор бvлгэмийнхэн илгээжээ. Гэвч тэд хятад цэргийн харуул манааг нэвтрэн хил давж чадсангvй эргэж иржээ. Эх орноо чөлөөлөх тэмцэлд олон тvмнийг босгох, тэднийг удирдан зохион байгуулахын тулд 1920 оны VI сарын 25-нд бvлгэмvvд хамтран хуралдаж, «Монгол ардын нам» (МАН) хэмээх улс төрийн байгууллагад нэгдэв.

Зөвлөгөөнөөс намын мөрийн хөтөлбөр, дvрмийн шинжийг агуулсан «Намын хvмvvсийн дагаж явах тангаргийн бичиг»-ийг хэлэлцэн батлав. Тангарагийн бичиг нь оршил, 9 зvйлээс бvрдэж байв. Нэгдvгээр зvйлд  “Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин vндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргvvлэн аваад, төр шашныг vнэн сэтгэлээр бататган мандуулж, vндэс язгуурыг алдахгvй сахих ба дотоод засгийг vнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу доорд ард тvмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө vvрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгvй аж төрөхийг чухал болгоно” хэмээн тусгаар тогтнолоо сэргээх тэмцлийн vндсийг тодорхойлов. Тус зөвлөлгөөнөөс өөр нэгэн чухал шийдвэр гаргасан нь ЗОУ-аас тусламж хvсэх асуудлыг албан ёсоор тавьж хэлэлцvvлэн, төлөөлөгчдийг тохоон томилсон явдал байв.

С.Данзан, Д.Чагдаржав нар Зөвлөлтийн удирдагчид ба Зөвлөлт засгийн газарт хандан дараах хvсэлтийг тавьжээ. Төлөөлөгчдөөс Монголын автономит засгийг сэргээн босгох хэрэгт «...Зөвлөлт засгийн газраас Ардын намын зорьсон хэргийг бvрэн дvvрэн бvтээх, Хятадын ардын намтай холбоо тогтооход туслах, морьт цэргийн бvрэн зэвсэг тавин олгох, цэргийн сургагч ирvvлэх, 6-7 сая лангийн мөнгөн тусламж vзvvлэх, хуучин засгийн газрын сан ба гааль тvрээс тэргvvтнээс хураасан Монголын хөрөнгө зvйлийг Гадаад Монголын шинэ байгуулах засгийн газарт бvрмөсөн эгvvлэн олгох хэрэгт ЗОУ-ын зvгээс тусалж дэмжих»-ийг хvсчээ. МАН-ын төлөөлөгчдийн хvсэлтийг Зөвлөлт засгийн газар хvлээн авч тусламжийг vзvvлэхээ илэрхийлэхийн хамтад Монгол орныг хятад цэргээс чөлөөлөх асуудлыг монголчууд өөрсдийн цэргийн хvчээр шийдвэрлэх ёстойг мэдэгджээ.

Энэ vед хvрээний байдал нэн хvндэрч хятад цэргийн эрхтнvvд улс vндсээ гэсэн хэнийг ч болов мөрдөн мөшгиж, хувьсгалт байгууллагын гишvvн Жамъян, Жигмэддорж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсvрэн зэрэг эх орончдыг хорьж байцаан, Богд гэгээнийг гэрийн хорионд суулгасан аюултай цаг мөч байв. Хятадын эрх баригчид «...Монголд нэвтрэх гэсэн бvхнийг байцаан хянаж байх»-ыг Хvрээ, Ховд, Улиастайн монгол захиргаанд чандлан тушааж, ЗОУ-д явсан 7 хvнийг барьж өгвөөс хvн тус бvрийн тоогоор тvмэн төгрөг шагнах тухай зарлал бичгийг Хvрээний гудамжнаа энд тэндгvй наасан байлаа. 1920 оны II сарын 12-нд С.Данзан, Д.Чагдаржав нарыг Москвагаас Эрхvvд буцаж ирмэгц МАН-ын төлөөлөгчид зөвлөлгөөн хийж, эрх чөлөөний төлөө тэмцэлд тvргэвчлэн бэлтгэж эхэлжээ.

Монголын ард тvмний эрх чөлөөний тэмцэлд тусламж vзvvлэх тухай Зөвлөлт засгийн газрын шийдвэр гарсан vед Монголын зvvн хязгаарын Онон голын сав нутаг, Гилбэр харуулаар 1920 оны X сарын 2-нд цагаантны цэргийн хvч нэвтрэн орж ирсэн нь атаман Семёновын хамсаатан барон Унгерний захирсан «Азийн морин дивиз» гэгч байв. Орос орныг хамарсан цагаантны хөдөлгөөн дарагдаж, иргэний дайн төгсгөлдөө орсон 1919 оны эцсээр Семенов, Унгерн нар Монголд шууд орж ирэх бодолтой байсан ч хятад генерал Сюй Шу жан Монголыг эзэлж, автономит засгийг устгасанаар тэдний төлөвлөгөө бvтэлгvйтэв. Гэвч унасан засгийг сэргээх нэрийдлээр Монголд орж ирэх боломж байлаа. Барон Унгерн Монголд хvчээ зузаатган большевизмын эсрэг тэмцэх зорилго агуулан Монгол оронд нэвтэрчээ.

Монгол орны улс төрийн байдал, нийгмийн сэтгэлгээ барон Унгернд таатай боломжийг олгосон юм. Тусгаар байдал, хаант ёсны илэрхийлэл болж байсан автономит засгаа устгуулсан монголчууд тусламж эрэлхийлж, хэнд ч хандахад бэлэн байсан юм. Унгерн «Богд гэгээнтнийг хаан ширээнд залж, автономит засгийг босгоно», «монголчуулыг хятад цэргээс чөлөөлнө», «Их Монгол улсыг байгуулна» зэрэг сvржин vг гарган, монголчуудын хvсэл эрмэлзлэл, сvсэг бишрэлийг ашиглан, хятад цэрэгт дургvйцсэн монгол ноёдыг өөрийн талд татахыг хичээжээ.

Монголын нийслэлийг эзлэх бэлтгэлээ шуурхайлан хийж, олон зуун монголчуудаар хvчээ зузаатгасан Унгерн хятад цэргийг хэд хэдэн удаа амжилттай довтолсны дvнд 1921 оны II сарын 4-нд Нийслэл Хvрээг эзлэн авчээ. 1921 оны 2 сарын 21-нд Унгерн Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яамыг байгуулав.

1921 оны II-III сар хvртэлх энэ богино хугацаанд Ардын журамт цэрэг байгуулагдаж харийн тvрэмгийлэгчдээс эх орноо хамгаалахад бэлтгэж эхэлжээ. Ингээд 1921 оны III сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлжээ. Цагаантнаас чөлөөлөх тулалдааныг Ардын журамт цэрэг Оросын улаан цэрэгтэй хамтран хийж ялалтад хvрсэн байна.
1921 оны VII сарын 11-нд Богдыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон тvмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд vндэсний ардчилсан хувьсгал ялсан юм.

 

 

 


Бичсэн: khorolsuren | цаг: 14:04 | Хичээлийн лекцүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Маш их баярллаа. Хэрэг болж байсан зүйлсээ олж авч чадлаа.
Бичсэн: Батчулуун (зочин) цаг: 00:03, 2018-04-04 | Холбоос | |


маш их баярлалаа хэрэгтэй зүйл байлаа
Бичсэн: жаргал (зочин) цаг: 20:08, 2015-01-16 | Холбоос | |


byrla bgsha
Бичсэн: ez 1a solongo (зочин) цаг: 06:04, 2012-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax