2012-10-10
Лекц№ 3 Сэдэв: Хүннү, Сяньби, Жужан улс

Лекц№ 3

Сэдэв: Хүннү, Сяньби, Жужан улс, тэдгээрийн угсаа гарал, соёл зан заншил, аж ахуй нийгмийн байгуулал

 

Хvннv гvрний vе МЭӨ III-МЭ I зуун

Хvннvгийн сонирхолтой тvvх эхэлж байна. Энэ тvvхээс та нар Монголын анхны төрт улсын тухай олж мэдэхээс гадна Хvннvчvvдийн  соёл, зан заншлын тухай уншиж судлах болно. Хvн төрөлхтөн төмрөөр багаж зэвсэг хийж хэрэглэх болсноор тэдний аж ахуй, vйлдвэрлэх хvчин нэмэгдэж, эдийн засгийн хуримтлал vvссэн нь ангийн ялгарал vvсэх vндэс болжээ. Улмаар энэ ялгарал нь овог бvлгийн дундах эд хөрөнгийн төлөөх тэмцэл, овог аймгийн хоорондох эрх мэдлийн төлөө дайн болон өргөжсөн юм. Овог аймгийн хоорондын дайн тулаан нь угсаа гарал нэгт аймгуудыг харь угсаатны тvрэмгийлэлд өртөх аюул дагуулж байснаас тэдгээр аймгууд тvр зуурын холбоотон болон оршин тогтнож байлаа.

Ийм аймгуудын нэг нь Тvмэн
шаньюйн тэргvvлж байсан Хvннvгийн 24 аймгаас бvрдсэн цэрэг аймгийн нэгдэл байсан юм. Хvннv нар жилийн дөрвөн улиралд өвс, усны аяыг даган оторлон нvvж амьдардаг байсан аж. Тэд адуу, vхэр, хонь, ямаа голлон өсгөж тэмээ малладаг байсан тухай тvvхэн сурвалжид тэмдэглэсэн байна.

МЭӨ 209 онд Хvннvгийн аймгийн холбоог Тvмэн шаньюй тэргvvлж байх цагт тvvний хvv  Модунь өөрийг нь золиослохоор санаархсан эцгээ зайлуулан холбооны тэргvvн болсон байна. Ингээд Модунь vеэ өнгөрөөж байсан цэргийн ардчиллыг халж, хvннvгийн цэргийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өөрийгөө Хvннv улсын шаньюй буюу хаанаар өргөмжилж хvчирхэг улсыг байгуулсан юм. Энэ нь Төв Азийн нvvдэлчдийн дундаас vvссэн анхны төрт улс байлаа. Модунь шаньюй улсаа зvvн, баруун, төв хэсэгт хуваан, өөрөө төв хэсгээ, баруун, зvvн гараа вангууд томилон захируулж байжээ. Модунь шаньюй улсын дотоод хэргийг эмхэлсний дараа гол өрсөлдөгч болох Дорнод Ху аймгийн холбоог байлдан эзэлснээр Хvннv улсын газар нутгийг тэлж хvчирхэг гvрэн болгох замд орсон байна. Хvннv гvрэн  Хятадын Хан улстай дайсагналцаж улмаар   МЭӨ 198 онд Хан улстай гэрээ байгуулж, эн тэнцvv хvчирхэг улс гэдгээ зөвшөөрvvлж, хоёр улсын хилийн зааг Цагаан хэрмийг барьж байгуулахад хvргэжээ. Хан улс Хvннvд 50 орчим жил алба барьж, татвар өгч байжээ.

Хvннv гvрэн Модунь шаньюйн vед их хvчирхэгжжээ. Та нар энэхvv газрын зургаас Хvннvгийн хаант улс баруун зvгт одоогийн дорнод Туркстан, дорно зvгт Солонгосын хойг, өмнө зvгт Тvмэн газрын Цагаан хэрэм, умар зvгт Байгаль нуур хvртэлх газрыг эзлэн захирч байсныг харж байна. Ийм өргөн уудам газар нутагтай их гvрний бvрэлдэхvvнд монгол, тvрэг, хамниган зэрэг олон угсаа гарлын овог аймаг багтаж байжээ.

МЭӨ I зууны vед Хvннv нар дотоод зөрчил, аймгуудын эсэргvvцэл тэмцлээс болж өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдан  салсан бөгөөд өмнөд хэсэг нь Хятадын Хан улсад дагаар орж, умард хэсгийн зарим нь баруун зvгт нvvдэллэн, МЭ V зууны vед Аттилаар тэргvvлсэн улсыг байгуулж байжээ.

            Өнөөгийн Монгол нутаг нь Хvннv нарын газар нутгийн гол цөм нь байжээ. Манай орны 50 орчим газраас хvннvгийн жирийн иргэдийн болон язгууртны булш 3000 гаруй олдсоны дотор Архангай аймгийн Хануй гол, Хvнvй гол, Худгийн толгой, Төв аймгийн Ноён уул, Хэнтий аймгийн Дуурлиг нарс, Борбулаг, Ховд аймгийн Тахилтын завсар зэрэг язгууртны томоохон бvлэг булш бvхий оршуулгын газрыг  нэрлэж болно. Мөн арав гаруй  суурин,  олон тооны хадны зургууд  мэдэгдээд байна. Хvннvгийн хамгийн эртний суурин нь одоогийн Хятадын нутаг болох  Иншань уулын хойно байсан Тvмэн шаньюйн анхны орд болох  суурин юм. Хvннv нар хvч суларсны дараа Иншань уулаа алдсан бөгөөд “Иншань нурууг алдсаны дараа Хvннv нар тvvний дэргэдvvр өнгөрөхдөө нулимс унагахгvй байж чадахгvй болжээ” гэж Хятадын эртний сударт тэмдэглэгдсэн байна.

Хятадын Хан улсын гvнжийг дагалдаж  Хvннvд ирсэн Юэ даамал Хvннvгийн шаньюйд дотны зөвлөгч болжээ. Тэрээр Хvннv нар хятадын торго бөс даавуу, идэж уух зvйлд ихээхэн дуртай болж, татагдаж байх vед ”Хvннv хvний тоог Хятадын ганц мужийнхтай ч зvйрлэхийн аргагvй цөөн байв. Гэхдээ тэд Хятадаас хамаарахгvй өвөрмөц онцлогтой хувцас хунар, хоол ундтай тул хvчирхэг байгаа юм. Эдvгээ шаньюй чи дадсан заншлаа өөрчилж, хятад эд өлгөсийг таалдаг болж байх шиг байна. Хятад улс  бараа таваарынхаа аравны нэгийг нааш ирvvлэхэд л Хvннv хvн нэг бvрчлэн Хан улсын эрхшээлд татагдан орно. Хятадаас торго, даавуун эдлэл ирмэгц тvvгээр хийсэн хувцсыг өргөст мод, ургамал дундуур явж урж элээгээд, тийм хувцас арьс vслэгээр хийсэн хувцастай адил бөх биш гэдгийг харуулагтун. Хятад хvнээс хоолны зvйл аваад идэж уулгvй байгаад цагаан идээгээ илvvд vздэгээ харуулж бай” хэмээн зөвлөж байжээ.    

Хvннv нар өөрсдийн гэсэн соёлыг бvтээсэн байна. Тэд 12 жилийн тоолол, бөө мөргөлтэй, уртын дуу, хэнгэрэг, хэл хуур, бийваа, цуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсэг, шvлэг дуутай  байжээ. Морин толгойн хvннv булшнаас хэл хуур олджээ. Уг хэл хуур нь энэ төрлийн олдворын хамгийн эртнийх нь болж байна. Мөн бөх барилдуулж, морь, тэмээ уралдуулан, сур харваж нааддаг байсан нь эрийн гурван наадмын анхны эх vvсвэр болжээ. МЭӨ 121 онд  зохиогдож, Хятадын эртний сударт тэмдэглэгдэн vлдсэн энэ шvлэгт Хан улсад алдсан газар нутгаа санагалзсан утга санаа илрэн гарчээ.

Хvннvгийн гунигт дуу

Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо.
Ягаан уулаа алдаад
Авгай хvvхнvvд минь энгэсэггvй боллоо.

/Цагаан уул гэж өдгөөгийн Тэнгэр уул бөгөөд зургаа дахь хошуу мал гэж сарлагийг хэлжээ. Ягаан ууланд нь энгэсэг хийдэг гvргэм ургадаг байсан аж./

Хан улсын Хvннvгийн эсрэг урт удаан хугацааны туршид явуулсан бодлогын vр нөлөөгөөр болон дотоодын хямрал тэмцэл, хагарал бутралаас болж МЭӨ 93 онд Хvннv улс мөхсөн байна.

Сяньби улсын vе МЭ II-III зуун

Одоо та нар энэ хэсгээс Сяньби гэж ямар улс байсан тухай, Таньшихуа хаан улсаа хэрхэн байгуулсан тухай, тэдний соёл, зан заншлын тухай мэдэж авах болно.

Сяньби нар Хянганы нурууны зvvн талын Сяньби ууланд оршин амьдарч байсан учир ийнхvv нэрлэгдэх болжээ. Сяньби нь нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг, Төв Азийн нvvдэлчин аймаг байсан юм.

Тэд зэргэлдээх манж-тvнгvс угсааны овог аймгууд болон тоба нарын адил гэзгээ сvлждэггvй, хvннv нарын адил vсээ сул тавьдаггvй байсан бөгөөд vсээ хусах юм уу, тайрч янзалдаг байсан тухай Хятадын тvvх сурвалжид тэмдэглэн vлдээжээ. Сяньби нарын амьдардаг Шар мөрний хавийн нутагт таван хошуу малаас гадна хулан, тахь, аргаль угалз, зэрлэг vхэр, өмхий хvрэн болон зарим төрлийн мич байсан бөгөөд тэдгээр ангийн арьс vс нь Хятадад их vнэлэгддэг байсан ч хол зайтай, замд нь өөр аймаг овгууд байсан учир харилцаж чаддаггvй байжээ. Харин Өмнөд Хvннv нар Хятадад дагаар орж, Умард Хvннv суларсны дараа Сяньби нар анх удаа Хятадад элч илгээж шууд харилцжээ. 93 онд Сяньби нар Хятадын цэрэг, Ухуань, Өмнөд Хvннv нарын хамт Умард Хvннvгийн эсрэг байлдан мөхөөж, хvн ам газар нутгийг нь эзлэн авч Сяньби улсыг байгуулжээ.

Сяньби угсааны нvvдэлчид иргэншилт соёл хэмээх нvvдлийн иргэншлийг vvсгэн хөгжvvлсэн бөгөөд vvнд төр ёс, бичиг vсэг, шашин шvтлэг, зан заншил, ёс суртахуун цөм байлаа. Сяньби нар кэму бичигтэй, бөө мөргөлийг шvтдэг байсан аж. Мөн тэд ялагдсан дайсан этгээдийн  хуйхыг өвчиж аван “тоног авах ёс” vйлддэг байжээ. Сяньби болон бусад нөлөө бvхий нvvдэлчин аймгууд шvлэг, дуу хөгжимд дуртай байсан бөгөөд тэдний дуулж байсан дууны vг эртний хятад орчуулгаар бидний vед уламжлан иржээ. Малчдын дуулж байсан нэгэн дуунд

Инь  уулын хормойд
Чилэ голын савд
Нvvдэлчдийн өргөө гэр шиг Тэнгэр
Нэлгэр талыг бvрхэнэ.
Хаврын ногоо шиг, Тэнгэр хөхрөнө.
Хаяа хярхаггvй тал цэлийнэ.
Vлээх салхинаа өвс vелзэнэ.
Vхэр хонио хариулнам” хэмээн өгvvлж байна.

Мөн 285 онд Сяньби улсын гол аймгуудын нэг толгойлогч Муюнхуй эв эвдрэлцэн алсад хөөж явуулсан ахыгаа санагалзан гэмшиж

“Ахан минь явчаад эргэж ирсэнгvй
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцvv.
Адуу ноцолдоно, хvн ноцолдохгvй.

Дайсагналцах нь хvмvvст ч бий
Дайсагналцах нь адуунд ч бий.
Та Байлань уул тийш явсан,
Тvмэн газар надаас холдсон.

 Лvн уулын  өндрийг ээ!
 Инь уулын хvйтнийг ээ!
Энд ах минь vзэгдэхгvй нь
Элэг зvрхийг минь шимшрvvлнэ

хэмээсэн энэхvv шvлгийн хэлсэн нь эртний хятад сударт тэмдэглэгдэн vлджээ.

156 онд Таньшихуа хаанд өргөмжлөгдөн улсаа захирсан нь Сяньбигийн оршин тогтнолд хvчтэй нөлөө vзvvлсэн юм. Сяньби нар хэд хэдэн том аймаг, 200 гаруй овгоос бvрдэж байсан.Тэд цөм нэгдэл нягтралгvй байж амжилт олох боломжгvй болохыг аажмаар ойлгож, эрэмгий зоригтой Таньшихуад захирагджээ. Таньшихуа ч тэднийг ихээхэн ухаалаг уян хатан бөгөөд хатуу чанга хууль журмаар нэгтгэн барьж, бvхэл бvтэн зангидмал хvчин болгож чадсан юм.

Улс гvрэн  оршин тогтноход vндэсний хvчтэй удирдагч баатар ямар чухал нөлөөтэйг Монголын эртний төрт улсуудын тvvхээс тодорхой болж байна. Хvннvгийн Модунь шаньюй, Сяньбигийн Таньшихуа нар бол vvний тод жишээ билээ.

Сяньби улс Таньшихуан vеэс эхлэн төрийн хууль цаазтай болсон байжээ. Эртний хятадын зарим сурвалжид Таньшихуаг “Хууль цааз хэрэглэн зөв бурууг шийдэж байсан бөгөөд зvрхлэн зөрчих хvн  байсангvй” гэж тэмдэглэсэн нь бий. Сяньби улсыг ийнхvv нэгтгэн захирч олон тооны морьт цэрэгтэй болсны ачаар Таньшихуа нэн хvчирхэг болж, ойр тойрны төдийгvй, алс холын улс оронд ч аян дайныг амжилтай хийх нөхцөл бvрджээ. Тэдний цэргийн тухай тvvхэн сурвалжид ”Хvннv нарынхаас тэдний зэвсэг нь илvv хурц, морь нь нэн хурдан” хэмээсэн. Сяньби нар тухайн vед улам хvчирхэгжиж, мэдлэг боловсрол нь дээшилж байсан тухай нэгэн хятад сайд хаандаа өргөсөн бичигт ”Хvннv нарыг зайлан одсоны дараа Сяньбичууд хvчирхэг болоод тэдний хуучин эзэгнэж байсан газар нутгийг нь эзлэн захирсан билээ. Тэд 100 мянган цэрэгтэй, чадал ихтэй, мэдлэг боловсрол нь нэмэгдсээр байна. Дайснууд манайхнаас шижир алт, шилдэг сайн төмөр олж авч байна. Оргож очсон хятадууд тэдэнд зөвлөх болон vйлчлэн тусалж байна. Сяньби нарын овгууд нь олон бөгөөд урьд цагийнхаас сул доройгvй. Хоёр жилийн турш бид яаж ч чадахгvй байна шvv дээ” хэмээн бичсэн байжээ.

181 онд Таньшихуа нас барахад тvvний таван хvvгийн нэг Холянь хаан ширээг залгамжилсан байна. Тэрээр эцгийн бодлогыг vргэлжлvvлж, Хятадад хэд хэдэн удаа довтолсон боловч амжилт олсонгvй, нэгэн тулаанд амиа алджээ. Холянь авьяас чадвар, хvч чадал аль алинаар эцгийн хэмжээнд хvрэхгvй байсан бөгөөд олны дунд “ховдог шунахай, шударга бус” гэсэн муу нэртэй байж, улсаа удирдаж чадаагvй учраас Сяньби нарын тэн хагас нь тvvнд захирагдахаас татгалзан салж явсан байна. Хаан ширээнд vе залгамжлан суух журам жигдэрч тогтсон учраас Холяний хvv Цяньмань суух ёстой байсан ч нас балчир учир vеэл нь төрийн хэргийг хамаарч байсан байна. Цяньмань насанд хvрмэгц хаан ширээний төлөө тэмцэж эхэлсэн бөгөөд Сяньби хэд хэд хуваагдан салжээ.

Сяньби гvрэн нь Хан  улсын явуулсан бодлогын vр нөлөөгөөр, мөн тvvнчлэн дотоодын хямрал тэмцэл, хагарал бутралаас болж  235  онд  Сяньби, Ухуань, Муюнь, Тоба, Юйвынь, Тvгvхvнь, Дуань зэрэг хэд хэдэн аймаг болон задарч мөхсөн юм.

Жужан улсын vе МЭ IV- VI зуун

Хvvхдvvд ээ! Жужан нар бол Монгол нутагт голлон төвлөсөн, өөрийн төрт улсаа байгуулан, Азийн тvvхэнд гvн ул мөрөө vлдээсэн нvvдэлчин аймгуудын бvрдэл байсан юм. Жужан улс нь 402 - 555 онд оршин тогтнож байсан бөгөөд Төв Азийн нvvдэлчдийн дээд өвөг болно. Жужаныг тvvх сударт бас Нирун гэж нэрлэсэн байдаг.

Тоба Вэй улсын Ливэй хааны vед тэдний морьт цэргvvд vс нь хөмсгөө хvртэл ургасан нэгэн боолыг барьж авснаа Мугулюй хэмээн нэрлэжээ. Мугулюй боол чөлөөлөгдөн, морин цэрэг болж, 100 гаруй хvнийг нэгтгэн, Шуньтулинь хэмээх аймгийг тvшсэн байна. Мугулюйг нас барсны дараа тvvний хvv эрэлхэг зоригтой дайчнаараа нэрд гарсан Цзюйлюй олон аймгийн эзэн болж улс нь Жоужан буюу Жужан хэмээн нэрлэгдэх болжээ.

394 оны vед Жужаны өрнө хэсгийн тэргvvний хvv Шэлvнь Жужаны ноёдоос авхаалж самбаа, арга ухаанаараа товойн гарсан бөгөөд газар нутгаа өргөтгөх, хvч чадлаа бэхжvvлэх ажлаа амжилттай явуулсаар байлаа. Тэр цагт Жужан нь олон аймгаас бvрдэж байсан байна. Ийнхvv Шэлvнь Жужан улсыг албан ёсоор байгуулж хаанд өргөмжлөгджээ. Шэлvнь тэр vедээ урьд нь нvvдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж, цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Тvvний тогтоосон хуулиар мянган хvн нэг хороо болж, нэг тэргvvнтэй, зуун хvн нэг туг болж, нэг даргатай байхаар тогтжээ. Мөн дайсанд тvрvvлж довтлон орогсод нь олзны хvн, эд зvйлсийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны vед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу шийдмээр нvдэж алах журамтай болжээ.

Жужан нар нvvдэлчдийн уламжлалт төр ёсыг дагадаг байсан ажээ.
Жужаны хааны эрх мэдэл vлэмж, тvvний нэгдсэн захиргаан дор бvхэл бvтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эрх vvрэг бvхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх vзэл Жужанд байсан бөгөөд тэд “Хутагтай”, ”Зөв”, ”Тэнгэрийн” гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн тvvнчлэн хаад нь “Ашид амгалан”, ”Машид тvвшин”, ”Машид тайван”, ”Мандан бадрах”, ”Мөнхөд энх” гэх зэрэг тусгай оны цол хэрэглэж байжээ. Тийнхvv нvvдэлчдийн дундаас Жужан нар анх удаа оны цол хэрэглэсэн нь хойшид уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бvх хэргийг vндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай vед тvшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцvvлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийг сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв.
Нэгэн сонирхолтой зvйл бол Жужаны vеэс эхлэн улсын эзнийг “Хаган” (хаан), тvvний гэргийг “Хагатун” (хатан) хэмээн нэрлэх явдал нvvдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэн нь “хаган” хэргэм зvvдэг болсон нь тэдний эрх нь урьдах vеийн нvvдэлчдийн эздийн хэрэглэж байсан шаньюй, хан хэмээх цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид vздэг байна. Жужаны хаад тийнхvv урьдах нvvдэлчдийн удирдагчдаас эрх хvчээрээ илvvтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хvннv, Сяньби нарын нийгмийг бодвол нэлээд хөгжингvй болжээ. Жужанаас эхлэн дараа дараагийн нvvдэлчдийн төр улсын тэргvvн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан байна. 

Жужаны хаад хаан ширээг vе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хvv нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хаан суусан байна.

Жужан улс хvчирхэгжин мандаж байсан V зууны тэн хагаст газар нутаг нь зvvн өмнөд хязгаартаа Солонгос улс, баруун талдаа Хар Сайр, хойшоо Байгаль далай, өмнө талдаа Их элсэн говьд тулж байжээ.

Хятадын эртний сурвалжид Жужан нарыг хvн нь олон болоод хvчирхэг, мал адгуулан аж төрдөг. Дуртай газраа сонгон нvvдэллэхдээ зөөж авч явдаг эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар vргэлжилсэн нvд алдам тал хээртэй. Цаг уур нь хvйтэн, өвс ногоо тачир, адуу vхэр мал нь хатсан өвс зулгааж иддэг боловч, тарган байдаг гэхчлэн өгvvлсэн байдаг. Жужан нар таван хошуу малыг өсгөн vржvvлж байлаа. Тvvхэнд 449 оны 9 дvгээр сард Тобагийн гурван замын их цэрэг нэг сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 мянган тэмээ, адуу, vхэр, хонь олзолсон, 555 оны 7 долдугаар сард Умард Ци улс хэдэн буман хонь дээрэмдсэн зэргээр өгvvлсэн байна.

Жужан нар бөө мөргөлтэй байсан ч хожим бурхны шашин дэлгэрчээ. Судар бичигт, Жужан нарын сvсэг бишрэлтэй холбоотой нэгэн домог vлджээ. Жужаны хаан Чоунуд Цухуй нэрт хvv байжээ. Нэг өдөр хvv нь гэнэт алга болж. Эрээд эрээд олсонгvй тул, Дивань хэмээх удганаас асуужээ. Удган хvvг нь тэнгэрт байна.Би дуудан ирvvлж чадна гэхэд хаан зөвшөөрчээ. Дивань удган намагтай газар тусгай гэр бариулж 7 хоног мөргөл vйлдсэн байна. Шөнө нь Цухуй гэртээ ирсэн байжээ. Хаан ихэд баярлан удганд гэгээн дагина цол өгч, хатан болгожээ. Хэдэн жил өнгөрсний дараа хvv, би тэнгэрт байгаагvй Дивань удганы гэрт байсан гэж хэлжээ.
Тэд тусгай мод сийлэн тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд тэр бичгээ яваандаа орхисон уу, хятад бичигтэй хамт зэрэгцvvлэн хэрэглэж байсан уу гэдэг нь тодорхойгvй vлджээ. Жужань улс эрдэмтэн мэргэд олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг харилцдаг байсан ажээ. Тvvхэнд тэмдэглэн vлдээснээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолон бодож чаддаг, мэргэ төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хvн байсан гэдэг. Сурвалжид өгvvлснээр, таван ухаан, даосын увдисыг сайн мэддэг Энэтхэг лам Хятадын Лоян хотод хvрэлцэн ирсэн хуучны танил Жужан хvнийг “Тvмэн хуйлаас ном уншсан хvн ч давж vл чадах эрдэмтэй хvн” хэмээн хvндэтгэж, харь (хятад биш) хэлээр өдөржин ярилцаж суудаг байсан гэдэг. Vvнийг харсан бардам хятад тvшмэл өөрийг нь тоож vл ярилцах атлаа умард зvгийн бvдvvлэг хvнтэй ихэд элгэмсэг буйд атаархжээ. Тэгээд хэн нь чавганы модны болсон, болоогvй vрийн тоог зөв тооцоолон гаргаж чадахаа vзэхээр мориороо мөрий тавьжээ. Жужан хvн бvсэн дэх ширэн хавтганаасаа таван өнгийн утас сvвлэн,
сувд хэлхсэн нэгэн дэнсэрхvv зvйлийг гарган ирж, чавганы модыг хэдэн тийш нь хэмжиж vзээд нvдээ анивчин бодолхийлснээ vрийн тоог хэлж мөрийг авсан гэдэг. Тиймээс ч тэр Жужан хvний алдар олны дотор цуурайтан тvгж алдаршсан байна.

Жужанчууд ахуй, соёл, заншлын хувьд Сяньби нартай адилхан байсан бөгөөд зvvн зvгийг эрхэмлэдэг, гэрээ энэ зvгт харуулан барьдаг, vсээ сvлжин гэзэг болгодог байжээ. Тэд бөх барилдаж, морь уралдуулж баяр наадам хийдэг байсан аж. Ийнхvv Жужан нар нь Монголчуудтай гарал угсаа, тvvх, хэл соёлын хамгийн ойрын холбоотой ард тvмэн байжээ.

Дотоодын зөрчил тэмцлийн улмаас мөн тvvнчлэн Хятадын Вэй улсын олон удаагийн тvрэмгийллээс болж хvч нь суларч байсан Жужан улс 555 онд Тvрэгvvдэд цохигдон мөхжээ.

Жужаны тvvх нь Монголын тvvхийн нэгэн хэсэг бөгөөд эндээс та нар Жужан улсын тухай ихийг мэдэж авсан бизээ.

 

                                                                                                      



Бичсэн: khorolsuren | цаг: 16:52 | Хичээлийн лекцүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax