Лекц №13
Сэдэв: 1930-1945 оны Монгол орны гадаад дотоод нөхцөл байдал
Агуулга
• Шинэ эргэлтийн бодлого
• Төр засгийн төвлөрөл хүчтэй болж, Монгол оронд Авторитар дэглэм тогтсон нь
• Хэлмэгдүүлэлт, түүний үр дагавар
Хувьсгалын эхний жилүүдэд улс орны хэтийн төлвийн талаар үндэсний ардчилсан болон туйлширсан коммунист хүчний хооронд улс төр, үзэл бодлын зөрөлдөөн үүссэн. Коминтерн эл зөрөлдөөнийг улам дэвэргэж, МАХН-ын дотор нь баруунтан, зүүнтэн болгон сөргөлдүүлж, Монгол оронд Зөвлөлт маягийн социализм байгуулах туршилт хийсэн. Үүний улмаас Монголын нийгэм гүнзгий хямралд орж, иргэний дайны ирмэгт тулсан бослого, хөдөлгөөн дэгдэхэд хүрчээ. Иймээс 1932 оны 6 сарын 29,30 нд МАХН-ын Төв хороо, Хянан байцаах Төв комиссын хамтарсан III онц бүгд хурал хуралджээ.
Бүгд хурал тус улс төрийн байдал ба цаашид явуулах үйл ажиллагааны тухай асуудал хэлэлцэж, зүүнтний гаргасан алдаа, түүнийг засах арга хэмжээг тодорхойлон заажээ. Бүгд хурал зүүнтэн болох Ө.Бадрах, З.Шижээ, Л.Лааган, Л.Цэндсүрэн зэрэг хүмүүсийг НТХ-ны тэргүүлэгч гишүүнээс чөлөөлж, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, Б.Элдэв-Очир, нарыг НТХ-ны адил эрхтэй 3 нарийн бичгийн даргаар сонгож, А.Амарыг Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар, П.Гэндэнг ерөнхий сайдаар томилжээ. Дээрх хурлын шийдвэрийн дагуу улс орны эдийн засаг, нийгэм, соёлын салбарт төр засгаас баримтлах бодлогыг өөрчилж, 1921-1928 онд явуулж байсан бодлогыг сэргээхээр заасан бөгөөд үүнийг түүхэнд Шинэ эргэлтийн бодлого гэж нэрлэдэг.
• Шинэ эргэлтийн бодлогын үндсэн агуулга нь:
• Зүүний нугалааны хор уршиг, эсэргүү этгээдүүдийн явуулгын нөлөөгөөр хил давж зайлсан ардуудыг орон нутагтаа буцаж ирэхэд дэмжлэг үзүүлсэн.
• Ард түмний сүсэг бишрэлийг доромжлон хавчиж байсан явдлыг арилгах, шашныг чөлөөтэй шүтэж, эргэл мөргөл хийхэд хориг саад тавихгүй болсон.
• Сүсэг бишрэлтэй захиргааны аргаар биш, харин шинжлэх ухаан, итгүүлэн үнэмшүүлэх замаар тэмцэхийг гол болгосон.
• Лам нарын албадан хар болгохыг зогсоож, албаар хар болсон лам нар хэрэв хүсвэл лам болохыг зөвшөөрчээ. 1932-1934 онд 27 мянга гаруй хүн эргэж лам болжээ.
1932 оны 8 сарын 5-нд жасын малыг ардуудаар хариулгах шинэ хууль гаргав.
1932 оны 9 сарын 21-нд Сайд нарын зөвлөл ардын үйлдвэрлэлийн нэгдлийн дүрмийг батлан гаргажээ.Дүрэмд Тус улсад хамтын аж ахуйн энгийн хэлбэр хамтарч өвс хадах, тариа тарих, бусдын болон жасын мал хариулах, жин тээх, ан агнах, хашаа саравч барих зэрэг хөдөлмөрөө нэгтгэсэн шинжтэй байж болно гэж заажээ.
• 1932 оны 8 сарын 27-нд зүүний нугалааны үеийн мал аж ахуйн албан татварын бодлогыг өөрчилж, мал тариалангийн албан татварын тухай шинэ хуул гаргажээ. Уг хуулиар 200 хүртэл төгрөгийн орлого бүхий аж ахуйг татвараас чөлөөлж, 200-гаас дээш төгрөгийн орлого бүхий аж ахуйгаас өсгөн нэмэгдүүлэх татвар авах ба 900-аас дээш орлого бүхий аж ахуйн татварыг төгрөг тутамд 10-30 мөнгөөр өсгөн нэмэгдүүлж хураахаар тогтжээ.
• Ардын аж ахуйн хувийн санаачлагыг дэмжих явдлыг голлон анхаарч, малдаа хашаа саравч барих, өвс хадах, худаг ус гаргах зэргээр улсаас хөхүүлэн дэмжиж, зээл тусламж олгох болсон.
Төр засгийн төвлөрөл хүчтэй болж, Монгол оронд Авторитар дэглэм тогтсон нь
Монгол оронд төр засгийн төвлөрөл хүчтэй болж, нэг хүнийг тахин шүтэх, улмаар авторитар дэглэм тогтож, хэлмэгдүүлэлт гарсан нь тус орны гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалжээ. Улс төрийн судлалын үүднээс авторитар дэглэмийн гол шинж нь нэг буюу хэсэг хүмүүсийн зүгээс улс төрийн сөрөг хүчнийг бүрэн хориглох, зөвхөн улс төрийн бус хүрээнд хязгаарлагдмал эрх чөлөөг хангасан цөөн хүмүүсийн дарангуйллын систем юм.
Авторитар дэглэм тогтох хөрс суурь улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай зэрэгцэн гарч улмаар 1930-аад оны дунд үеэс өөрийн гол шинж төрхийг олжээ.
• МАХН-ыг төрөөс дээгүүр тавьж, намын удирдлыг хуульчлан баталгаажуулж, нэг намын эрх дархыг хязгааргүй болгосон. 1940 онд баталсан үндсэн хуулинд МАХН бол улс нийгмийн бүх байгууллагыг удирдах гол хүчин гэж заасан.
• Ийнхүү төр засгийн төвлөрөл хүчтэй болохын хамт цаашид хэлмэгдүүлэлт гүнзгийрэх улс төрийн нөхцөл байдлыг бий болгосон.
• 1930-аад оны эхээр Японы түрэмгийлэгчид зүүн хойд Хятадыг эзлэн Манж-Го хэмээх улсыг байгуулж, улмаар Монголын хил дээр өдөөн хатгах үйлдлээ идэвхижүүлэх болсон. 1935 оны эхээр Япончууд Монголд халдан довтолж, Халхын сүм, түүний орчим газрыг булаан эзэлсэн. Ийнхүү БНМАУ-ын тусгаар тогтнолд ноцтой аюул учрав. 1936 оны 1-р сард МАХН-ын НТХ-ны тэргүүлэгчид улсыг батлан хамгаалах асуудлыш хэлэлцээд цэргийн байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлж, шинэ техникээр зэвсэглэх, цэргийн зохион байгуулалтыг өргөтгөн өөрчлөх талаар зохих заалтууд гаргасан. Цэргийн тоог 30 хувиар нэмэгдүүлэх цэргийн алба хаах хугацааг 2 жил байсныг 3 жил болгон хязгаарын цэргийн ангиудыг байгуулжээ.
• Энэ үед И.В Сталины шууд шахалт шаардлагаар 1936 онд Дотоодыг хамгаалах газрыг Дотоод Явдлын Яам болгон өргөтгөж, сайдаар нь мөн Сталины санаачлагаар Ерөнхий сайдын орлогч байсан Х.Чойбалсанг томилжээ. Түүнчлэн Х.Чойбалсанг 1937 оны 9 сарын 2-нд Цэргийн Яамны сайд, бүх цэргийн жанжинаар томилсон бол 1939 онд хуралдсан улсын 22-р бага хурлаар Ерөнхий сайдын албан тушаалд томилсон байна. Ийнхүү нэг хүний гарт төр засгийн эрх мэдэл төвлөрсөн нь Зөвлөлтийн удирдлагаас өгсөн тушаал зааврыг үг дуугүй биелүүлэх, улмаар нэг хүнийг тахин шүтэх, хэлмэгдүүлэлт гарахад хүргэсэн байна.
• 1900-гаад оны эхнээс болон 1917 оны X сарын хувьсгалын дараагаас Монголд олноороо нэвтэрсэн буриад иргэдийг ЗХУ залхаан цээрлүүлж сургамж үзүүлэхийн тулд янз янзын арга сэдсэн бөгөөд сонгож олсон арга нь Монголын удирдагчдын нэгийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулж, Оросоос дүрвэн, Монголд нутагшсан буриадуудыг олноор нь түүний эсэргүү бүлэгт хамруулан, цээрлүүлэн залхаах явдал байв. Чухам ийм зорилгоор 1933 оны зун 7 сард ДХГ-т ажиллаж байсан зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын зохион байгуулсан “Лхүмбийн хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг гэнэт дэгдэж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг баривчлан “Японы тагнуул” хэмээн сэжиглэж, ЗХУ-д аваачин байцааж, урьдаас төлөвлөсөн ялаа тулгасан юм.
Энэхүү эсэргүү хэрэг гэгчид оролцогчдыг байцааж, үнэн мөнийг нотлох оролдлого 1934 онд үргэлжилж, Хэнтий, Дорнод, Төвийн бүлэг хэмээн ангилж, нийт 317 хүнд ял ноогдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил гянданд хорихоор шийдвэрлэжээ. Мөн энэ хэрэгт ялласан 125 буриад иргэн ба 700 гаруй буриад өрх айлыг монголын нутгаас хөөн зайлуулах тушаалыг Монгол улсын ерөнхий сайдад тулган, нууц тушаал гаргуулсан байна.
Дараагийн ээлжинд Ерөнхий Сайд П.Гэндэнг нам төрийн удирдлагаас зайлуулах дэс дараатай арга хэмжээ авсан байна. Энэ нь юуны урд Гэндэнгийн зүгээс улс орны хувь заяаны тухай асуудлуудыг бие даасан байр сууринаас шийдвэрлэх, Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах асуудлыг цэрэг, улс төр, дипломат болон эдийн засгийн бүх арга хэрэгслээр хангах гэсэн хандлага нь Сталин зэрэг Зөвлөлтийн удирдагчдын таалалд нйицэхгүй байжээ. 1936 оны 3 сард хуралдсан МАХН-ын ТХ-ны II бүгд хурал НТХ-ны тэргүүлэгч гишүүн, Ерөнхий сайд П.Гэндэнгийн улс төрийн алдаатай бодлогын тухай авч хэлэлцжээ. Тус хурлаас П.Гэндэнгийн тухай гаргасан тогтоолд “П.Гэндэнгийн ийнхүү баримталж авсан бодлого бол Монголын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал ба Монголын хувьсгалаас шууд урвах замд мөлхөн орсон хэрэг” гэж үзнэ хэмэээжээ. Бүгд хурлын дараа хуралдсан Улсын XX бага хурлаар П.Гэндэнг
Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Бага хурлаар Д.Догсомыг Улсын бага хурлын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон байна.
П. Гэндэнг ажлаас чөлөөлсний дараа ЗХУ-д “эмчлүүлэхээр ” явуулсан бөгөөд 1937 оны 7 сард ЗХУ-д баривчилж, 11 сарын 26-нд цаазалжээ.
1937 оны 9 сарын 10-ны шөнө ЗХУ-ын жагсаалтын дагуу “Хувьсгалын эсэргүү”, “ардын дайсан”, “Японы дайсан” хэмээгчдийг хомроглон баривчилж эхэлсэн бөгөөд энэ нь удалгүй нам, төр, олон нийтийн төв, хөдөөгийн байгууллагын удирдлагаас эхлээд намын гишүүн, лам нар жирийн иргэдийг хүртэл хамран өргөжжээ. Ийнхүү 1937-1941 оны 12 сар хүртэл 20039 хүнд цаазаар авах, 5700 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорин ял оногдуулжээ.
1937 онд Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын эсэргүү байгууллага гэгч зохиомол хэрэг үүсгэн лам нарыг 1937-1938 онд үй олноор нь баривчлан цаазлан хороож шийтгэжээ.
1939 оны 3 сараас эхлэн “Хуйвалдаан-2” хэмээх нэртэй бас нэгэн зохиомол хэрэг бий болгож, энэ хэрэгт холбогдолтой гэж, 99 хүний нэрийг оруулсан бөгөөд энэ үндсэн дээр Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Намын төв комиссын дарга Д.Лосол, НТХ-ны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав болон яам, тусгай газрын дарга нарын зэрэг хүмүүсийг баривчилж, бүгд 194 хүнийг ЗХУ-д аваачин тус улсын хуулиар яллан цаазалжээ.
1937-1940 онд явагдсан улс төрийн зорилготой залхаан цээрлүүлэлтийн явцад “Эсэргүү нарын гэр бүлийнхний бүлэг” гэсэн зохиомол хэрэгт Маршил Г.Дэмидийн гэргий Навчаа, түүний эгч Зина, ДХГ-ын дарга байсан Намсрайн гэргий Дулмаа нарыг цаазалж байжээ. Ийнхүү төр засгийн төвлөрөл хүчтэй болж, нэг хүнийг тахин шүтэх болсноор Улсын VII их хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүдийн бараг тэн хагас нь баривчлагдаж, Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, засгийн газрын гишүүдийн ихэнх нь хилс хэрэгт хамрагдсан байжээ. МАХН-ын удирдлагаас эхлэн жирийн гишүүд хүртэл ихээхэн хэлмэгдсэн.
• МАХН-ын IX их хурлаас сонгогдсон ТХ-ны гишүүдийн 72.6 хувь, Намын Төв комиссын гишүүдийн 57.1 хувь, Шалган байцаах төв комиссын гишүүдийн 80 хувь нь хэлмэгдэж, НТХ-ны тэргүүлэгчдээс ганцхан Х.Чойбалсан л үлджээ.
Монголд нэг хүнийг тахин шүтэх, хэлмэгдүүлэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь:
ЗХУ дээд удирдлага, Коминтерний зүгээс БНМАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож, бодлогоо тулган хүлээлгэж байна.
БНМАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдалтай уялдан, Японы булаан эзлэгчидтэй ямар нэг холбоотой үйл ажиллагаа явагдаж байна гэсэн хардлага ихээхэн газар авсан.
БНМАУ-ын тухайд улс төр, эдийн засаг, гадаад бодлогын талаар биеэ даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй, бусдын заавар удирдамжийг хэт шүтэх хандлага давамгайлж байсан.
Боловсон хүчний нөөц, тэдний улс төрийн болон мэргэжлийн бэлтгэл хангалтгүй байсан.
Нам төрийн дээд удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн тухайлбал Х.Чойбалсангийн хувийн зан чанар, ажлын арга барилтай холбоотой гэж үзэх нь зүйтэй.
1940-өөд оны үеэс ардын төрийн ардчилсан зарчмуудыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
1940 онд МАХН-ын X их хурал, Улсын VIII их хурал хуралдаж, 1934 оноос хойш хуралдаагүй, нам төрийн сонгогдсон байгууллагууд нь хэлмэгдэлд өртөн оршин тогтнохоо больсон нөхцөл байдлыг харгалзан нам төрийн удирдлагад залуу боловсон хүчнийг дэвшүүлэн тавьж, улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлсон.
1940 онд шинэ Үндсэн хууль баталж, түүнд: БНМАУ-ын улс төрийн үндэс нь хөдөлмөрчин ардын хурлууд бөгөөд засгийн бүх эрх нь тэдгээр хурлуудаар улмжлан хот хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдэлд байна гэж заажээ. Уг хуульд ард түмний хөдөлмөрлөх амь зуух, үнэ төлбөргүй сурах, эмнэлэгийн тусламж авах, хөдөлмөрийн чадвараа алдвал эд материалын тусламж авах, нутаг бэлчээр үнэ төлбөргүй ашиглах шашин шүтэх буюу эсэргүүцэх зэрэг иргэн бүрийн тэгш эрхийг тунхаглаж хэрэгжүүлэх арга замыг заажээ.