Лекц №12
Сэдэв: 1921-1930 оны Монголын улс төрийн гадаад дотоод
нөхцөл байдал
Агуулга:
• Ардын төрийг бэхжүүлэх талаар авсан арга хэмжээ /1921-1932/
• Монгол орны хөгжлийн хэтийн төлөвийн онол практикийн асуудлууд түүнд тохиолдсон бэрхшээл гажуудлууд/ /1925-1932 он/
А. Ардын төрийг бэхжүүлэх талаар авсан арга хэмжээ /1921-1932/
• 1921 онд Хувьсгал ялсны дараагаар АЗГ-аас Ардын төр засгийг бэхжүүлэх талаар олон арга хэмжээнүүд авсан. Үүнд:
• 1921 оны 3-р сарын 13нд Намын Төв хорооны гишүүд болон АЖЦ, олон хошуудын шавийн төлөөлөгчдийн хурал хийж “Монгол ардын засгийг бүгд захиран шийтгэх газар” нэртэйгээр Ардын түр засгийн газрыг байгуулав.
АТЗГ-ын тэргүүлэгч даргаар Д.Чагдаржав, гишүүнээр Д.Сүхбаатар, Д.Бодоо, Н.Билэгсайхан, Л.Сумъяа, Х.Чойбалсан нарыг баталсан байна.
АТЗГ-ын үүрэг нь “Харъяа газар орныг Хятадын эрх мэдлээс ангижруулж, Орос цагаан намын цэрэг ба дээрэмчин зэргийн зэвсэг бүхий муу хулгай нарыг арилгаад..... Бас хуралдуулж, үүрд байх засгийн газрыг олж улсын үндсэн цааз дүрмийг тогтоосугай” гэжээ.
• 1921 оны 7 сарын 23-нд АЗГ нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж засгийн эрхийг АЗГ-т төвлөрүүлснийг зарлаж, хурал хуралдуулах болсныг мэдэгджээ. Ингээд
• 1921 оны 8-р сарын сүүлчээр Нийслэл хүрээнд хуралдаж, ардын эрхтэй хэмжээт цаазат засаг байгуулсныг сайшаан дэмжиж, “Улсын түр цагийн хурлын дүрэм хэмжээ”-г 1921 оны 9-р сарын 20-нд баталжээ.
• Энэ нь ямдын тэргүүн ба дэд сайдууд, эрхэлсэн түшмэд, аймаг, шавь, цэрэг ба залуучуудын байгууллын төлөөллийг багтаасан, нийгмийн янз бүрийн асуудлаар засгийн газарт зөвлөх эрхтэй байгууллага байв. ТЦХ-ыг Дөрвөн аймаг, шавь тус бүрээс бичиг эрдэмд сайн 5 ард, Дөрвөн аймаг, шавийн ноёдоос тус бүр 1, яамдын түшмэдүүд, дэд сайдууд, тэргүүн сайдууд, Намын төв хорооны түшмэл 1, залуучуудын эвлэлээс 3, сурган боловсруулах хэлтэсээс 1, цэргийн хороо тус бүрээс 1 хүнийг сонгон байгуулна гэж нарийн зааж өгсөн байна.
• Монгол ардын засгийн газрын төлөөлөгчдийн дагаж явах дүрэм хэмжээг 1921 оны 9-р сарын 29-нд баталсан. Энд засгийн газрын төлөөлөгчдийн орон тоог 8 газар суулгахаар тогтоож тэдний гүйцэтгэх үүрэг зорилтыг нарийвчлан тодорхойлсон.
• Богд хааны эрх мэдлийг тодорхойлон заасан “Ардын засгийн газар, Богд хоёрын хооронд байгуулсан тангарагийн гэрээ”-г 1921 оны 11 сарын 1нд баталсан. Тус гэрээний 1,2-р зүйлд “... Шарын шашны Богд эзэн болох тул тус улсын хэрэгт холбогдолгүй, шашны бүх хэргийг хязгааргүй эрхэлбэл зохино. Хаан нь хэмжээт засагт ардын хаан тул улсын аливаа хэргийг засгийн газрын ерөнхий сайдаар дамжуулан гүйцэтгэвэл зохино” гэж тодорхойлсон байгаа нь Ардын засгийн тогтоол шийдвэрт Богд хаан 1-ээс илүү хориг тавих эрхгүй болохыг онцгойлон заажээ. Мөн онцгой нөхцөлд засгийн газар нь хаанд айлтгахгүйгээр чухал тушаал шийдвэр гаргаж болохыг тогтоож, тэргүүн, дэд сайд, цэргийн жанжин, дэд жанжин нараас бусад албан тушаалтныг Засгийн газар шууд томилж байхаар заажээ.
• АЗГ тогтсон цагаасаа эхлэн хууль цааз, шүүхийн хуучин тогтолцоог даруй устгахад чиглэсэн арга хэмжээг авчээ.
• 1921 оны 7-р сарын 30-нд хэрэгтнийг байцаахад харгис эрүү шүүлт тулгахыг зогсоох, ялыг хөнгөтгөх, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг шийдвэр гаргав.
• Ардын эрхт ёсыг нийгмийн амьдралд бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрчдийн олон нийтийн байгууллагуудыг үүсгэн байгуулав. 1921 оны 8-р сарын 25нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” буюу МХЗЭ-ийг 17 гишүүнтэйгээр байгуулжээ. Энэ оны эцсээр уг байгууллагын 8 хүн Эрхүү хотноо очиж, Москвад болох Дорно дахины бага хуралд оролцсон байдаг.
• МАН-ын эгнээ өргөжиж 1921 оны 12 сард “МАН-ын дүрэм”-ийг өөрчлөн боловсруулж баталсан байна. Мөн орон нутагт төлөөлөгчид томилж Түшээт хан аймгийн Далай гүн, Түшээт ханы хошуу болон Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуудад намын анхны үүрүүдийг байгуулав.
• АЗГ-аас улс орныхоо тусгаар тогтнолыг гадаад улсуудад зарлан мэдэгдэж тэдэнтэй холбоо харилцаа тогтоохыг нэн чухалд үзэж байлаа.
• АЗГ-аас 1921 оны 7-р сарын 19нд өртөөний албыг хөнгөвчлөх тухай шийдвэр гаргаж, өртөөний албаны дүрмийг батлан, холбогдох бусад асуудлыг нэгэн адилаар шийдвэрлэсэн явдал юм.
• 1921 оны 7-р сарын 30нд “гадаад худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг хүчингүй болгох тухай” тогтоол гаргаж ард олон ба хошуудаас гадаад худалдаачдад төлөх өрийг хүчингүй болгосон. Улмаар гадаадынханд түрээслүүлсэн үйлдвэр, уурхайнуудыг АЗГ-ын мэдэлд шилжүүлсэн.
• Мөн хамжлагат ёсны харилцааг халахад чиглэсэн арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлэв. 1922 оны 1-р сарын 25нд хамжлага ардуудыг сумын эрийн тоонд оруулах тухай шийдвэр гаргаж, 1923 оны 5 сарын 5-нд засаг ноёдын хамжлага захирах эрхийг цуцалж, тамгыг хураан авснаар Монгол оронд хамжлага ёсыг үүрд устгажээ.
• Ардын засгийн газрыг нийтээр дэлгэрүүлэх, бэхжүүлэх чухал үндсэн бол орон нутгийн хуучин захиргааг шинэчлэх явдал байв. Энэ үндсэн дээр 1923 оны 3-р сарын 23нд “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм”-ийг баталсан.
• 1923-1925 онд “Их шавийн захиргааны дүрэм”,
• “Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”,
• “Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”,
• “УБ хотын захиргааны дагаж явах дүрэм”-ийг батлан гаргажээ.
• Энэ дүрмүүдэд орон нутгийн засаг захиргааг ардчилсан сонгуулийн үндсэн дээр шинэчлэн байгуулах зэрэг асуудлуудыг нарийвчлан авч үзсэн.
Уг дүрмээр 10 өрхөөр арван, 50 өрхөөр нэг баг, 150 өрхөөр нэг сум зохион байгуулав. Арван гэрийн төлөөлөгч нараас багийн захиргааг, багийн төлөөлөгч нараас сумын захиргааг, сумдын төлөөлөгч нараас хошуу захиргааг тус тус сонгон байгуулах болсон. Ийнхүү орон нутгийн засаг захиргааг арван гэр, баг, сум, хошуу, аймаг гэж хувиарлав.
• Орон нутагт засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсөн.
Манжийн үеэс уламжилж ирсэн: Өөрчлөлт:
• Түшээт хан аймаг Богдхан уулын аймаг
• Сэцэн хан Хан Хэнтий уулын аймаг
• Засагт хан Хан Тайшир уулын аймаг
• Сайн ноён хан Цэцэрлэг Мандал уулын аймаг гэж газрын нэрээр нэрлэх болсон
• Харин Дөрвөдийн хоёр аймаг, Алтайн Урианхайн 7 хошуу, Их шавь, Торгууд, Өөлд, Мянгад, Захчин, Дарьганга, Хөвсгөл нуурын урианхай нар нь дээрхи 4 аймагт хамаарагдахгүй байжээ.
• Их шавийн 200 шахам отог, баг байсныг 1924 онд анх удаа цомхотгон 83 отог, 4 баг болгон зохион байгуулсан.
• 1924 оны байдлаар Их шавь /Жавзандамба хутагтын/ нь 13449 өрхтэй, 86631 хүн амтай, 2049019 толгой малтай байжээ. Улмаар 1925 онд Дөрвөд хоёр аймгийг Чандмань уулын аймаг гэж нэрлэх болжээ.
• 1924-1929 онуудад Халхын Дөрвөн аймгийн Хуучин 87 хошуунаас 47 хошууг татан буулгаж зэргэлдээ газруудад нэгтгэсэн бөгөөд 1931 оны 2-р сарын 7-ны БНМАУ –ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хуучин аймгуудыг өөрчилж 13 болгож, хошуудыг татан буулгаж оронд нь сумдыг хамруулан зохион байгуулав.
Богд хаан Жавзандамба хутагт 1924 оны 5-р сарын 20-нд таалал төгссөнтэй холбогдон цаашид Ардын засагт БН засгийг явуулах тухай Ардын засгийн газрын тогтоол 1924 оны 6-р сарын 13нд батлав.
• БНМАУ-ыг тунхагласан нь, Анхдугаар үндсэн хууль,түүний үр дүн:
Улсын анхдугаар их хурал 1924 оны 11-р сарын 8нд эхэлсэн бөгөөд нийт 77 төлөөлөгч сонгогдсоны 71 нь ардын төлөөлөгчид байв.
Тэдний 92,2 хувь нь ядуу, дунд ардууд бөгөөд 6 төлөөлөгч нь язгууртан гаралтай байжээ. Хэлэлцэх үндсэн асуудал нь:
• Яамдын хууль дурэм, илтгэлүүдийг хэлэлцэн батлах
• Үндсэн хуулийг батлах
• Шүүх таслах явдлын дүрэм хэмжээг тогтоон батлах
• Үгээгүй ядуучууд ба дунд зэргийн ардуудын эвлэлийг тогтоон байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.
• Тус их хурал сүүлийн 3 жилд Монгол улсын нийгэм эдийн засагт гарсан гол ололт, амжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг тодорхойлон, анхдугаар үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс болгон тунхагласан.
БНМАУ-ын үндсэн хуульд:
• “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж тодорхойлсон байна.
Анхдугаар үндсэн хууль нь:
• Бүхэлдээ Монгол төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн гол зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан бататгаж, туурга тусгаар ардчилсан төр улсаа байгуулснаа дэлхий дахинд тунхаглан зарласан юм.
Монгол орны дотоод, гадаад байдал
1922 оны эхнээс тус улсын дотоод байдал харьцангуй тогтворжиж , нийгэм, үндэстнийг хамарсан үймээн самуунгүй амар тайван болж иржээ.
• Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийн газраас үндэснийхээ эв нэгдлийг дээдлэн, тухайн цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн хүчнүүдийн эрх ашгийг харгалзах байр суурийг баримталж байлаа.
• Улс орны дотоод байдал ерөнхий төлөвөөрөө тогтворжиход үндэсний эвслийг бүрдүүлэгч гол хүчин зүйлүүд болох Шинэ засаг төр ба Богд гэгээний хоорондын харилцаа ихээхэн нөлөөтэй байв.
Богд гэгээнийг хүндэтгэн үзэж зарим талаар, зарим талаар буулт хийж байсан бол, Богд гэгээний зүгээс ч төрийн хэрэгт хүлцэнгүй хандах болжээ.
• Ардын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалд шашны зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар, төрийн туршлагатай түшмэл Б.Цэрэндорж нар удаа дараалан сонгогдож, хуучин дэглэмийн тэргүүний хэсгийнхэн төрийн албанд хүчин зүтгэх болсон нь нийгийн хүчнүүдийн харьцаа бодитой байсны шинж юм.
Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтаас 1924 оны дунд үеийг хүртэл үндэсний онцлог, уламжлалаа баримталсан эх оронч сэтгэлтэй, үндэсний ардчилсан үзэлтнүүд - Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын шинэ удирдагчид засгийн эрхийг нийгмийн дэвшилт хүчний төлөөлөгчидтэй зөвшилцөн барьж байсан учраас шинэ төр тогтворжиж чадсан төдийгүй бэхжиж эхлэв.
Харин энэ үед улс төрийн амьдралыг ээдрээтэй болгохуйц зөрчил төр, намын удирдлагын төвшинд буй болж эхэлжээ. Энэхүү зөрөлдөөний явцад 1921 оны хувьсгалын зүтгэлтнүүд өвөр хоорондоо маргалдан тэмцэлдэж, нэг нэгийгээ эрсдүүлэн хэлмэгдүүлж байв. Эл үйл явдлын эхнийх нь Д.Бодоо, С.Данзан нарын хоорондын маргаан байв.
Хувьсгалын дараа хэмжээт цаазат засаг тогтоох тухай нэг саналтай байсан боловч агуулгын талаархи зөрөөтэй ойлголт нь тэднийг зөрчилдүүлж, энэ нь улс орон, намын дотоод амьдрал, нам эвлэлийн хоорондын харьцаа зэрэг асуудлууд дээр хурцаар илэрч, эцэстээ 1922 оны эхээр Д.Бодоог бүх албан тушаалаас нь чөлөөлж, VI сард баривчлан, VIII сарын 30-нд “ардын засгийг устгах” хэмээсэн хилс хэрэгт холбогдуулан амь насыг нь хохироов. Түүнтэй хамт ардын намыг анх үүсгэлцэж, хувьсгалын хэрэгт зүтгэж явсан Д.Чагдаржав, Ө.Дэндэв, да лам Пунцагдорж, гүн Тогтох нарын 14 хүнийг шийтгэн хэлмэгдүүлжээ.
Энэ хэрэгт зөвлөлтийн харьяат, Коминтерны АДНБДНГ-ын Монгол-Түвэдийн секторын эрхлэгчээр ажиллаж байгаад 1921 оны IV сард Монголд ирсэн Э.Д.Ринчино ч оролцож, Д.Бодоо, С.Данзан нарын хоорондын зөрөлдөөнийг дэвэргэж байсны улмаас тэдний маргаан нь үзэл баримтлалын зөрөлдөөн боловч цаашид эрх мэдлийн төлөө тэмцэл, хувийн тооцооны өнгө аяс бүхий эрүүл биш шинжтэй болж хурцадсаар нэг нь нөгөөгөө устгаж төгсчээ.
Гэвч үүгээр намын доторхи зөрөлдөөн намжаагүй бөгөөд 1922 оноос Монгол орны хөгжлийн замын асуудал дэвшигдсэн үед дахин шинэ зөрчил буй болов. Коминтерн ба ЗХУ-ын нөлөө ихсэж, намын дотор зүүний үзэл буй болж үндэсний ардчилсан чиг баримжааг өөрчлөх хандлага илэрчээ.
Тухайн үед монголын удирдагчдын аль нь ч улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж, хоцрогдлыг арилгах, монгол овогтныг нэгтгэх хэмээсэн үндсэн зорилготой байсан боловч тэдгээрт хүрэх арга зам, түшиглэх хүч, харгалзах хүчин зүйлүүдийн хувьд харилцан адилгүй санал бодолтой байв.
Тэдний нэг хэсэг нь, тухайлбал С.Данзан тэргүүтэй үндэсний ардчилсан чиг баримжааг баримтлагчид нь үндэсний онцлог, улс орны хөгжлийн төвшинг харгалзан нийгэм-эдийн засгийн арга хэмжээг аажмаар, болгоомжтой хэрэгжүүлэх, төрийн тэргүүлэх үүргийг нэмэгдүүлэх, олон улстай харилцаатай байхыг гол болгож байсан бол нөгөө хэсэг нь буюу шинээр гарч ирсэн “зүүн жигүүрийнхэн” Коминтерн ба ЗХУ-д шүтэж нийгмийн гүн гүнзгий өөрчлөлт хийх , улмаар социалист замаар замнах, намын нөлөөг нэмэгдүүлэхийг эрхэмлэж байв. Намын доторхи тэмцэл хурцдахад Э.Д.Ринчино, Т.Р.Рыскулов нар багагүй үүрэг гүйцэтгэжээ.
Ринчино намын зүүн жигүүрийнхнийг дэмжиж, тэдний нөлөөг бэхжүүлэхийн төлөө төрийн удирдлагын дотор хагарал эвдрэл үүсгэж, С.Данзантай илт зөрөлдөж эхлэв. Улс орны хөгжлийн талаархи үндэсний ардчилсан үзэл баримтлал боловсронгуй болохын хэрээр Монголын онцлогийг үл хайхран, ЗХУ ба Коминтерний үзэл бодлыг тулгаж, тус орныг хувьсгалжуулах гол шугамыг тууштай баримталсан Э.Д.Ринчиногийн байр суурь С.Данзанд таалагдахгүй болж иржээ.
Энэ нь мөн чанартаа үндэсний ардчилсан чиг баримжаа ба социалист онолыг нэвтрүүлэх гэсэн санаархлын хоорондын тэмцэл байлаа. Тэдний тэмцэл МАХН-ын III их хурлын үеэр эрс хурцаджээ.
Их хурал дээр үндэсний ардчилсан чиг баримжааг хянан үзэх оролдлого хүчтэй гарч Э.Д.Ринчиногоос “Монголын хувьсгалын ирээдүй цагийн байдал төлөв” хэмээсэн 6 зүйл сэдвийг гаргаж “МАН-ын эцсийн зорилго эв хамт ёс мөн бөгөөд нам капитал хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилгод хүрэх … “ –ийг зааж, ядуу доод ангийг түшиглэх, баялаг хөрөнгөтөнг үл төрүүлэх, нийгэм журмыг байгуулагчид пролетари нарыг буй болгох шаардлагыг тавьжээ. Үүнийг С.Данзан эсэргүүцэж, их хурал ч түүний байр суурийг дэмжиж “Монгол улс бүх дэлхийн олон улс лугаа адил харгис капиталын дарлал зовлонг үл амсан олон улсын одоогийн байдалд нийцүүлэн жинхэнэ ардын ёсыг баримтлан зоривоос зохино” хэмээсэн нь капитализмыг алгасан социализмд шилжихийг бус, харин дэлхийн нийтийн түгээмэл хандлага болсон ардын бүгд найрамдах ёсонд хүрэх гэсэн зорилго байжээ.
Гэвч Э.Д.Ринчино нам, эвлэлийн доторхи хэт зүүн үзэлтнүүдийг дэвэргэн, Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх нарыг хууль бусаар баривчлуулж, улмаар С.Данзанг хурлын үйл ажиллагаанд оролцохоос татгалзахад хүргэж, эцэст нь 1924 оны VIII сарын 28-ны шөнө түүнийг баривчлан, 24 цагийн дотор хэргийг таслан шийтгэх үүрэг бүхий “Бүрэн эрхт тусгай комисс”-ыг байгуулж, 1924 оны VIII сарын 30-нд амь насыг нь хууль бусаар егүүтгэн хохироов.
Ийнхүү МАН-ын III их хурал, Улсын анхдугаар их хурлаас тус улсын хөгжлийн цаашдын чиг хандлагыг илүү нарийвчлан тодорхойлсон үзэс эхлэн Монголын удирдагчид үндсэндээ 2 хуваагджээ.
• Үндэсний уламжлал, онцлог байдлаа хадгалж, дэлхийн бусад орнуудтай харилцан ашигтай, эрх тэгш харилцаатай байхыг эрмэлзэж байв.
Үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримталдаг Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ, Н.Хаянхярваа нарын зэрэг хүмүүс Тэдний хувьд Коминтернээс өгч байгаа заавар зөвлөгөө, шаардлагыг өөрийн орныөвөрмөц онцлогт тохируулан хэрэглэж, шашин сүм, хийд лам нарын талаар уян хатан бодлого явуулж байв. Зүүний жигүүрийнхэн тэднийг “Баруунтан” хэмээн буруушаан 1928 онд хуралдсан МАХН-ын VII их хурлаар намын удирдлагаас зайлуулжээ.
• Зөвхөн ядуу, доод хэсгийнхэн буюу ангийн хатуу байр суурь баримталсан хэт хувьсгалч бүлгийнхэн
Ө. Бадрах, П. Гэндэн, Ц.Жигжиджав, Б.Элдэв- Очир, Ж.Лхүмбэ, З. Шижээ, Л.Лааган нар орж байв. Тэдний хувьд Коминтернээс өгч зөвлөгөө, шаардлага тулгалтыг үг дуугүй биелүүлэх, ард түмний зөвхөн ядуу доорд хэсгийг бусдын эсрэг сөргүүлэн тави шашин сүм, хийд лам нарын асуудлыг шууд хүчээр шийдвэрлэх чиглэлтэй байв. Тэдний үйл ажиллагаа нь Монгол орны цаашдын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд 1930-аад оны сүүлээр хуралдсан МАХН-ын анхдугаар их хурлаар анх “Зүүний алдаа завхрал” гэж шүүмжэлтэйгээр авч үзжээ.
• Ийнхүү намын дотор “Баруунтан”, “Зүүнтэн” гэсэн 2 хэсэг байж, харилцан сөргөлдөх явцад Коминтерний төлөөлөгчид ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна.
• 1928 оны эхээр Ерөнхий сайд Б.Цэрэндорж нас барж, А.Амарыг дэвшүүлсэн тавьжээ. Энэ үеэс Коминтерний зүгээс Монгол орны дотоод хэрэгт оролцох явдал улам ихэссэн. МАХН-ын VII их хурлаар урьдчилан бэлтгэсэн хүмүүсээр баруунтныг шүүмжлүүлж, төлөвлөсөн ёсоор Ц.ДАмбадорж, Н.Жадамба, А.Амар, Г.Гэлэгсэнгэ, Ж.Цэвээн, Н.Хаянхярваа нарыг ажлаас халж, П.Гэндэн, Ө.Бадрах, Б.Элдэв-Очир нарыг МАХН-ын ТХ-ны 3 нарийн бичгийн даргаар сонгосон.
Монголын удирдагчдын зөв зүйтэй, тууштай бодлого бүрмөсөн алдагдаж, зүүн жигүүрийнхний хэт хувьсгалч үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь цаашид улам гүнзгийрэн лавширчээ.
Зүүнтэн буюу зүүн жигүүрийнхэн намын VII их хурлаас коминтерний дэмжлэгтэйгээр намын удирдлагад сонгогдож өөрсдийн үзэл бодлоо хэрэгжүүлж эхлэв.
1928 оны 12 сарын сүүлээр Улсын V их хурлаас эхлэн дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
• Улсын V их хурлаас “...тус улсын жинхэнэ ардын дарангуйлан захирах хатуу засгийг тогтоох”-ын чухлыг тэмдэглээд засаг захиргаа, аж ахуйн газруудын бүх албан хаагчдыг шалгаж ээлжийн цэвэрлэгээ хийж эхэлсэн.
• 1929-1930 он хүртэл 18.6 мянган намын гишүүдийг шалгаж 5300 хүнийг намаас хөөсөн байна. Үүний үр дүнд намын гишүүд, орлогчдын 99.3 хувь нь дан ганц ядуу дорд ангийн төлөөлөгчид болсон.
• Их хурлаас хар, шар феодалуудын эдийн засгийн хүч чадлыг шийдвэрлэх үүднээс ....эрх чөлөөнд тэрслэн эсэргүүцэгчид хуучны харгис язгууртан түшмэд ба лам нарын өв хөрөнгөнөөс бүрмөсөн буюу заримыг нь хууль ёсоор хурааж, ард нийтийн хөрөнгөнд оруулах буюу үнэхээрийн ядуу хоосонд өгөх зэргээр тусгайлан тусламж үзүүлэх сан байгуулах гэсэн шийдвэр гаргажээ. Үүнтэй зэрэгцэн 1929 оны 2 сард Коминтерний удирдах ажилтнууд монголын байдлын тухай П.Гэндэнгийн илтгэлийг хэлэлцээд Монголын хамгийн ноцтой дайсан бол лам нар юм. Иймээс тэдний улс төрийн ба эдийн засгийн нөлөөг бууруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх гол арга нь сүм хийд, баян чинээлэг айл өрхийн хөрөнгийг хураах явдал гэж үзсэн.
• 1929 оны 9 сарын 17-нд НТХ-ны тогтоол гаргаж, Улсын бага хурлын дарга Х.Чойбалсангаар удирдуулсан хөрөнгө хураах комисс томилж, орон нутагт салбар комисс байгуулж тэдэнд нам эвлэлийн гишүүд идэвхитэй ядуу ардыг оролцуулжээ.
• 1929 оны 9 сараас 1932 оны 2 сар хүртэл давхардсан тоогоор 154 лам, хутагт хувилгаад, ноёд түшмэдийн өрх ба зарим баян чинээлэг ардуудаас хураасан мөл хөрөнгө үнийн дүнгээр 9 сая 731 мянган төгрөгтэй тэнцэж байв. Ийнхүү хутагт хувилгаад, ноёдын төдийгүй чинээлэг ардын хөрөнгийг хураасан нь Ардын засгийн нэр хүндийг унагаах, тэднийг Ардын засгийн эсрэг хандуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна.
• 1929 оны 5 сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар ядуучуудыг сайн дураар эвлэлдэн нэгдэхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан. Мөн нийт ардын аж ахуйтныг хавтгайруулан хоршооллох буюу хамтын аж ахуйн дээд хэлбэр болох хамтрал коммуныг байгуулсан. МАХН-ын III их хурлаар “тус улсын хувьсгал гуравдугаар шатандаа орж, улсын нийт байгууллагыг хөрөнгөтний биш нийгэм журмын ёсоор хөгжүүлэх зорилт тулгарлаа” гэсэн дүгнэлт хийгээд үүний тулд 1931-1935 онд бүх ядуу ардын 70 хувь, дунд аж ахуйтны 50 хувийг хоршоолон хамтралжуулах заалт өгсөн. 1932 оны эхэнд хамтын аж ахуйн тоо 752 болж, тэдгээрт 55 мянга шахам өрх хамрагдах болжээ.
• Улсын ард аж ахуй соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн 931-1935 төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх заалт өгсөн.
• 1929 оноос эхлэн сүм хийдийн хөрөнгө барилга жасын бүх хөрөнгөнд ногдуулдаг татварыг өсгөн нэмэгдүүлэх болсон. Мөн жасын малыг зөвхөн ядуу дунд аж ахуйтан гэрээгээр хариулдаг болгож, тэдний хөрөнгөнд халдаж эхэлсэн нь малын тоо толгойг бууруулахад ихээхэн нөлөөл үзүүлсэн. Жасын мал 1928 онд 3 сая 460 мянга байсан бол 1933 онд 8.7 дахин хорогдож, 392.4 мянга болж хорогджээ.
• Лам нарыг хүрээ хийдээс хөндийрүүлэхийн тулд 19-45 насны лам нарт олз ашгийн ба үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах болсон.
• Дээрх бодлого нь лам нар төдийгүй сүсэгтэн олны дургуйцлийг төрүүлж, 1929-1930 онд Улаангом, Төгсбуянт зэрэг хийдүүдэд эсэргүү бослого гаргахад хүргэсэн байна.